Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын газраас хийсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэв.
Улсын Онцгой комисс өчигдөр бакалаврын зэрэг горилогчдоос авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахыг зөвшөөрсөн.
Хяналт шалгалтын талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “ЭЕШ-д 30,902 хүүхэд бүртгүүлсэн байгаа. Нэг хүүхэд дунджаар гурван шалгалт өглөө гэж бодоход дунджаар 100 мянга орчим хүүхдийн хөдөлгөөн гарна гэсэн үг. Коронавирустэй холбогдуулан түр журам гаргасан.
Улсын хэмжээнд нийт 85 байранд ЭЕШ авахаар байруудыг зохион байгуулсан. Шаардлага, бэлтгэл хангагдаагүй нөхцөлтэй газрууд ч байна. Онцгой анхаарал хандуулж, шаардлагатай зүйлсийг хангаж ажиллаж байгаа аймгууд ч байна. Тухайлбал, Төв аймгийн Хүмүүн цогцолбор нөхцөл байдалд шуурхай хандаж, онцгой комиссынхоо нөөц хөрөнгөнөөс таван сая төгрөг гаргасан бүх ангиа камержуулсан байна. Налайх дүүрэгт анх удаа элсэлтийн шалгалт авах гэж байгаа тул засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргасан. Орхон аймаг шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа гэх зэрэг сайн жишгүүд байна.
Гэтэл нийслэлийн зарим дүүргүүд асуудалд нэлээн чамлалттай хандсан дүр зураг харагдаж, ангийн гэрэл, ариун цэврийн өрөө хүрэлцэхгүй зэрэг асуудал гарч байна" гэв.
Нийслэлийн хэмжээнд 2020 оны ЭЕШ-ыг 43 байранд нийт 11,101 шалгуулагчийг хамруулахаар зохион байгуулах билээ. Урьдчилан сэргийлэх шалгалтад 34 байр буюу 79.1 хувийг хамруулахад 55 хаалгаар орж, 49-өөр гарахаар бэлтгэсэн. Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөө 57-г тохижуулжээ.
Энэ жилийн хувьд шалгалт авах байруудад тусгаарлах өрөөг тусгайлан бэлдсэнээрээ онцлогтой аж. Өөрөөр хэлбэл, шалгуулахаар орж ирсэн хүүхдийн биеийн дулааныг хэмжиж, сэжигтэй буюу халуунтай хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж шалгалтыг тэнд нь үргэлжлүүлж авахаар түр журамд тусгасан. Мөн шалгагч багш нарын биед өөрчлөлт гарах тохиолдолд эмчийн тусгай өрөөг бэлдсэн бөгөөд тусгай ариун цэврийн өрөө бэлдэн ажиллаж байгаа юм байна.
Ховд аймагт 900 гаруй хүүхэд ЭЕШ-д орох ёстой аж. Тус хүүхдүүдийг аймгийн төв рүү нэвтрүүлж шалгалтад оруулаад, шалгалт дууссан ч тарваган тахал өвчний нууц үе дуустал аймгийн төвд нь байлгахаар зохион байгуулжээ. Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг суманд нийт 27 хүүхэд ЭЕШ-д орохоор бүртгүүлсэн байна. Мөн эдгээр хүүхдийг аймгийн төв рүү нэвтрүүлж шалгалтад оруулахаар аймгийн онцгой комисс нь хуралдаж шийдвэрээ гаргасан аж. Тарваган тахлын нууц үе нь зургаа хүртэлх хоног байдаг.