ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа ДЭМБ-ын мэдээллийг танилцууллаа.
Зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нэг өдөрт хамгийн их буюу 100,000 гаруй тохиолдол бүртгэгдлээ.
Тэрбээр "ДЭМБ-ын ерөнхий захирал вакцин эм гартал бид өөрсдөдөө байгаа арга хэрэгслээ ашиглан вирусийн тархалтыг бууруулах ам угаах, зай барих, хөл хорио зэрэг арга хэмжээг нөхцөл байдалдаа тохируулж үе шаттай авахыг уриалсан.
ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт улс, орнуудын вирусийн эсрэг авах арга хэмжээний удирдамжийг шинэчилсэн. Эмнэлгийн бэлэн байдлыг хангах болон үйл ажиллагааны бэлэн байдал, хөрөнгө оруулалтын хэмжээг шалгах хуудсыг зургаадугаар сарын 25-нд шинээр гаргасан. Шалгах хуудаст эмнэлгийн засаглал, төлөвлөгөө, заавар журам зэрэг багтаж буй.
Түүнчлэн СOVID-19-ийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн бүртгэл, тооллого хийх аргачлалыг шинээр боловсруулсан. Ингэснээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг онцгой байдлын үед болон нөхөн сэргээх үе шатанд ашиглах аргачлалтай болж байгаа юм" гэсэн юм.
Үргэлжлүүлэн "Улс орнууд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг сулруулж байгаатай холбоотойгоор олон нийтийн арга хэмжээг олноор зохион байгуулж байна. Тухайлбал, БНХАУ-д Луут завины наадмын үеэр 86 сая хүн аялах төлөвлөгөөтэй байна.
Гэтэл БНСУ-д шашны цугларалттай холбоотой халдварын шинэ голомт илэрч, Японы Токио хотод аюулын зэргийг буруулснаас хойш тохиолдлын тоо нэмэгдэж байна.
Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, гамшгийн эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг сайжруулах нь ДЭМБ-ын тэргүүлэх чиглэл юм" хэмээн онцлов.