"The HU" хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх "Гэрэг" тоглолтоо өчигдөр хийлээ. Хандивын  тоглолт “White Rock Center”-т болсон бөгөөд тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэсэн.

"The HU" хамтлаг "Шөөг шөөг", "Агаар нэгэн буй", "Гэрэг", "Хун ээжийн домог", "Учиртай гурав", "Ширэг ширэг", "Бие биелгээ", "Юу вэ, юу вэ, юу", "Чонон Сүлд", "Их Чингис Хаан", "Энэ Монгол билээ" зэрэг уран бүтээлүүдээ хүргэсэн.

"White Rock Center"-т тоглолтыг хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун хөтөлсөн ба тоглолт эхлэхээс өмнө хамтлагийнхантай халуун дотно яриа өрнүүлсэн юм. 

Хоёр цаг үргэлжилсэн тоглолтын үеэр 53 сая төгрөгийн хандив цугларсан бөгөөд хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлах юм.

Түүнчлэн уг тоглолтын бичлэгийг “The Hu” хамтлагийн албан ёсны youtube хуудсанд байршуулан олон улсад түгээн ам.долларын дансаар хандив цуглуулах бөгөөд уг цугларсан хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх талаар тоглолтын үеэр зохион байгуулагчид дуулгасан юм.

"COVID-19"-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан,  иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, хамгаалах ажиллагааг сулруулахгүй, сонор сэрэмжээ алдахгүй байхыг нийт монголчууддаа сануулж уг тоглолтыг зохион байгууллаа.