Европт хязгаарлалтын дэглэмийг сулруулсантай зэрэгцэн COVID-19 халдварын шинэ тохиолдол нэмэгдээд эхэлжээ. Энэ талаар зургаадугаар сарын 25-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге мэдэгдлээ.
“Өнгөрсөн долоо хоногт Европт сүүлийн саруудын дотор анх удаагаа хоногийн тохиолдлын тоо нэмэгдлээ" гэж Клюге мэдээлэв. Европын 30 оронд сүүлийн хоёр долоо хоногт шинэ тохиолдол огцом нэмэгджээ.
Одоогоор Европын 11 оронд COVID-19 халдвартай өвчтөний тоо эрс нэмэгдсэн учир эрүүлийг хамгаалах тогтолцоо ачааллаа даахгүй байдалд байна.
Дэлхийн хэмжээнд коронавируст халдвар нэмэгдсэн тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус зургаадугаар сарын 8-нд сануулж байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд халдварын тоо 10 саяд дөхөж амь үрэгдэгсдийн тоо хагас саяд ойртжээ.