"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадам хэрхэн явагдах талаар Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Дэлхий нийтээр тархаад буй COVID-19-тэй холбоотойгоор олон арга хэмжээ хойшлогдож байна. Гандантэгчэнлин хийдээс энэ жил уг ёслолыг тасалдуулахгүй явуулахын тулд “Хүрээ цам 2020”-ыг зохион байгуулна.
Олон нийтийг хамарсан морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагаа энэ жил болохгүй болсныг мэдэгдье. Харин “Хүрээ цам 2020” шашин соёлын үйл ажиллагаа төмөр хулгана жилийн зуны дунд сарын шинийн есний өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.
Тодруулбал, зургаадугаар сарын 26,27,28-ны өдрүүдэд болох жахар цамын хурал 29-ний өдөр Батцагаан дуганы голын талбайд хурах юм. Мөн олон нийт Гандантэгчэнлин хийдэд цуглах боломжгүй болсон. Харин гол шашны төлөөллүүд оролцож, ариутгал хамгаалалт халдваргүйжүүлэлт дор үйл ажиллагааг зохион байгуулна” гэв.
Гандантэгчэнлин хийдийн Боловсрол, соёлын ажилтан, цамын менежер С.Ишцог "Зургаадугаар 27-ны өглөө 07:00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлнэ. 28, 29-ний өдөр дэг жаягийн дагуу хурал ном хурна. Зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз болон бусад боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ. Тиймээс нийт сүсэгтэн олон телевиз болон цахимаар үзэх боломжтой. Хүрээ хийдийнхээ ёс уламжлалыг алдуулахгүйн тулд энэ жил хүрээ цам зохион байгуулахаар болсон" гэлээ.