Өчигдөр 20:00 цагийн орчимд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын автомашины зогсоолд суудлын автомашинд байсан газ дэлбэрчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс уг дуудлагын хүлээн авч, очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савлагаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн 20 настай, эрэгтэй Н, иргэн 18 настай, эрэгтэй М нар түлэгдэж бэртсэн байжээ. Түлэгдэж, бэртсэн иргэдийг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвөөс ГССҮТ рүү авч явсан байна.
Тухайн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. Урин дулаан цаг үргэлжилж буй эдгээр өдрүүдэд автомашин дотроо халуунд халж, тэсэрч дэлбэрэх зүйл зөөвөрлөхгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.