АНУ-аас ирсэн иргэнээс коронавирус илэрч, нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр " Зургаадугаар сарын 24-нд нийт 333 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Өчигдөр Сиатлл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 64 настай эмэгтэйн шинжилгээ эерэг гарсан.

Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, Сиатллаас ирсэн бүх зорчигч, тандалтын зорилгоор цуглуулсан 2 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгааарлагдсан 1, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 37 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн, Замын-Үүдээр орж ирсэн 22 жолоочид  хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй, 1 хүн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс дараагийн шатны сувилал руу шилжлээ.

Монгол Улсад онош батлагдсан 216 тохиолдол байгаагаас 169 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  47 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 41 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 81 хүн эмчилгээ, оношилгоо тандалт дор байна. Өнөө өглөө Москвагаас ирсэн 114 хүнээс гурван зорчигчийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаад байна” гэв.