Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан зохион байгуулах шийдвэр гаргасан. Мөн улс, аймаг, сумын наадмыг долдугаар сарын 11-12-нд нэгэн зэрэг зохион байгуулж, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. Энэхүү шийдвэрийг гаргасан Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо өнөөдөр дахин хуралджээ. Өнөөдрийн хурлаараа коронавируст халдварт цар тахлын үед Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журмын төслийг хэлэлцэн баталжээ. Журмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах явцад КОВИД 19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулах юм байна.
Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн албан хаагчид байнгын хяналт тавьж жижүүртэй ажиллахаар журамласан байна.
Харин Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаал, Дээлтэй Монгол наадам, баяр наадмын ёслолын буудлага, өсвөрийн бөхийн барилдаан, өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа, төрийн дайллага, уяачдын наадам, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ үзэсгэлэн худалдааг явуулахгүй байхаар тогтжээ. Зөвшөөрөгдсөн бөхийн барилдаан, сур шагайн харваа, зургаан насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм.