Түрээсийн 370 орон сууцыг иргэдэд өмчлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцыг өмчлөх хэлбэрээр иргэдэд хуваарилах талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. 
Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байрын 300 орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны 70 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хуваарилахаар төлөвлөж байна. “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаарны 120 өрхийн 112 нь түрээслээд өмчлөх хэлбэрийг зөвшөөрсөн байна. Тиймээс холбогдох албаныхан нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан түрээсийн орон сууцуудыг түрээслээд өмчлөх хэлбэрт оруулснаар зорилтод бүлгийн иргэдийг өөрийн өмчлөлийн хямд өртөгтэй орон сууцаар хангах боломжтой гэж үзжээ.
Орон сууцуудыг 15 жил хүртэлх хугацаатайгаар түрээслээд өмчлөх зохицуулалт НОСК-иас хийжээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн орлогодоо нийцүүлэн төлөх хугацаагаа сонгох боломжтой. Тодруулбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байранд амьдарч буй иргэд түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлснээр иргэд байрныхаа талбайгаас хамаараад таван жилийн хугацаанд сард 410-710 мянган төгрөг төлөөд байраа өмчлөх боломжтой аж. Эсвэл 10 жилийн хугацаанд сар бүр 280-410 мянган төгрөг төлж, өмчлөх боломж мөн бий ажээ. Харин Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны оршин суугчид сард 632-996 мянган төгрөг төлөөд таван жилийн дараа байраа өмчлөх боломжтой. Өрхийн орлогодоо нийцүүлэн хугацааг 10 жил болговол сард 365-576 мянган төгрөг төлж болно. Эсвэл иргэд төлбөрөө урьдчилан төлөх боломжтой гэдгийг НОСК-ийн захирал Б.Сүхбаатар хэллээ. 
Ийнхүү 370 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэхийг дэмжиж, тогтоол батлав. Нийслэлийн орон сууцны санд 1900 орон сууц байгаа аж.