Тусгай үүргийн нислэгээр хагалгаанд орсон болон бөөрний эмчилгээ шаардлагатай иргэд ирнэ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт,

Австрали улсаас 262

Япон улсаас 275

Энэтхэг улсаас 251 иргэн ирснийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн.

Маргаашаас бид Сөүл-Улаанбаатар чиглэлээр ирэх иргэд болон бусад нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Тусгай үүргийн онгоцоор урьдчилсан байдлаар эрхтэн шилжүүлсэн суулгасан, донор болсон иргэд болон бөөрний эмчилгээ шаардлагатай иргэд ирнэ гэсэн мэдээлэл байна" гэдгийг онцлов.

"Тусгаарлан ажиглах байранд нийт 1,854 иргэн байна"

Үргэлжлүүлэн "Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс аймагт байдаг тусгаарлан ажиглах байранд нийт 1,854 иргэн байна.

Үүнээс:

Тав хүртэлх насны 55 хүүхэд,

Жирэмсэн 28,

Чихрийн шижин өвчтэй 16,

Даралт ихсэх өвчтэй 50,

Хавдар өвчтэй 5 иргэн байгаа юм.

Ажиглалтад буй иргэдийн дунд хэвлийгээр цочмог өвдсөн, мэдрэлийн эмгэг нь сэдэрсэн, шүд нь өвдсөн, даралт ихэссэн хүмүүс төрөлжсөн мэргэжлийн эмч тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Улсын хэмжээний 29 тусгаарлан ажиглах байранд 156 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна" гэв.

"Улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт 19,199 шинжилгээ хийжээ"

Мөн "Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн дунд ч сэтгэц, мэдрэлийн өвчин сэдрэх, цөсний чулуу өвдөх зэрэгт өрх, сумын эмнэлгээр дамжуулан мэргэжлийн эмчээр дамжуулан төрөлжсөн мэргэжлийн эмч тусламж үйлчилгээг үзүүлж буй.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт  19,199 коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн байна. Бид иргэдэд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхээс нь өмнө лабораториор оношилж эмчилж байгаа.

Мөн Монгол Улсад бүртгэлтэй эм, эмийн хэрэгслийн хангалт хэвийн байгаа бөгөөд түргэн тусламж, бусад эмнэлгийн тусламжийн үйлчилгээ хэвийн явагдаж буй.

Түүнчлэн бид эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцасны нөөцийг бүрдүүлсээр байна" гэдгийг нэмж хэлээ.