Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс COVID-19 халдварын талаар дэлхий дахины судалгаа шинжилгээний тоймыг хүргэлээ.
ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн "Дэлхий дахинаа COVID-19 халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй хийгдсээр байна. ДЭМБ-ын зургаадугаар сарын 11-ний өдрийн мэдээгээр халдвартай холбоотой 29,639 эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгдсэн. Дэлхийн хэмжээнд 140 гаруй вакцин бүтээх туршилт, судалгааны ажил, 2,042 эмнэл зүйн судалгаа явагдсанаас 118 эмнэл зүйн туршилт судалгаа амжилттай явагджээ" гэв.
Зарим судалгааны үр дүнгүүдээс танилцуулбал:
АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар COVID-19 халдвар авсан өвчтөнүүдийн 20 гаруй хувьд арьс салстаар тууралт гарсан байна. Эдгээр тууралт нь өвчний эхэн үед илрэх нь бага бөгөөд өвчний ид үед илэрч, 3-4 долоо хоногийн дараа аажимдаа арилж байсныг тогтоожээ.
COVID-19 халдвар болон тамхины хамаарлыг судалсан 12 судалгааны ажил хийгджээ. Судалгаанд хамрагдсан 9,025 өвчтөний 9.7 хувь нь хүндээр өвдсөн, 5.5 хувь нь тамхи татдаг. Харьцуулсан судалгаагаар халдвар авсан тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнээс хоёр дахин их байгааг тогтоосон байна.
АНУ-д тархвар зүйн судалгаа хийсэн. Ингэхдээ усан тамхи хэрэглэдэг иргэдийн тоог халдвар авсан хүмүүсийн тоотой харьцуулсан байна. Муж бүрээр нь харьцуулсан уг судалгааны үр дүнд тухайн мужид усан тамхи хэрэглэгчдийн эзлэх хувь нэг хувиар нэмэгдэхэд халдвар авсан тохиолдол 0.3, нас баралт 0.4 хувиар нэмэгджээ. Энэхүү хамаарлыг үндэслэн усан тамхи хэрэглэх нь COVID-19 халдвараар өвчилсөн тохиолдолд биеийн байдлыг хүндрүүлэх магадлалтай гэж үзсэн байна.
COVID-19 халдварын үед халуурах шинж тэмдэг илэрдэг амьсгалын замын өвчин боловч, өвчтөнүүдийн 50 орчим хувь нь хоол боловсруулах системийн өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн байна. БНХАУ-ын Хубэй мужийн 204 өвчтөнд хийсэн судалгаагаар өвчтөнүүдийн 48.5 хувьд хоол боловсруулах системийн өвчлөлийн шинж тэмдэг илэрчээ. Өвчтөнүүдийн 84 хувьд хоолны дуршил буурах, 29 хувьд шингэн алдах, 0.8 хувь нь бөөлжих, 0.4 хувьд нь гэдэс өвдөх шинж тэмдэг илэрчээ. Иймд эрдэмтэн судлаачид COVID-19 халдвар хоол боловсруулах системийг өвчлүүлдэг дээр санал нэгдэж байна.
COVID-19 халдвар авсан хорт хавдартай иргэдийн нас барах магадлал хорт хавдаргүй өвчтөнийхөөс 2.5 дахин илүү байна. Төрлөөр нь авч үзвэл уушгины болон цусны хорт хавдартай иргэд илүү өндөр эрсдэлтэй байгааг эрдэмтэд тогтоожээ.