А.Амбасэлмаа: Дахин хоёр хүн эдгэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зургаадугаар сарын 10-нд гурван лабораторид нийтдээ 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 8, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж ирсэн 23 жолооч, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн зэвсэгт хүчний дайчдын 77 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэсэн хүмүүс батлан хамгаалахын сургуульд суралцаж байсан хүмүүс.

Нийт батлагдсан тохиолдол 194 байгаагийн 89 нь эдгэрлээ. Эмчлэгдэж буй 105 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 89, хүндэвтэр 16 байна. Эдгэрсэн 89 хүний 58 нь сувилалд, 16 нь гэртээ, ажиглалт тандалтын хугацаа дууссан 15 хүн байгаа.

Өчигдөр Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 175 хүнээс гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бусад ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ хийгдэж байна" гэв.