Онцгой байдлын байгууллагаас боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалт хийжээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 31 их, дээд сургууль, 341 ерөнхий боловсролын сургууль, 356 цэцэрлэг буюу нийт 726 барилга байгууламжийг хяналт, шалгалтад хамруулсан байна.
Шалгалтаар Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 3657 зөрчил, дутагдал илрүүлжээ. Тухайлбал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн байгууллагаар батлуулаагүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуур байрлуулаагүй зэрэг зөрчил илрүүлжээ.
Шалгалтын явцад газар дээр нь 1056 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.