Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 7.1 сая хүн өвчилж, 408 мянга гаруй хүн нас баржээ. АНУ, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа ч нас баралт буурсан таатай мэдээ байна. Кубад сүүлийн 9 өдөр дараалал өвчлөл бүртгэгдээгүй.
3.5 сая хүн эдгэрч, 3.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Коронавирусийн эмчилгээний хоног урт буюу 8-24 хоног байна.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 102 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 2000 гаруй хүн нас баржээ.
ОХУ-д сүүлийн 24 цагт 8985 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Буриад, Тува, Эрхүүд 44-88 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Эрхүү хотод 85 тохиолдол шинээр бүртгэгдэж, тохиолдол тууштай нэмэгдэх хандлагатай байна.
24 цагт 119 дугаарт 207 дуудлага ирж, коронавирусийн зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас шуурхай 119 апп-д АНУ, Швед, Сингапур, Казахстан Улсаас 4 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан.
Үйлчилгээний газар, амралтын газруудад иргэд анхаарлаа сулруулж амны хаалтаа зүүхгүй байна гэдэг шүүмжлэл ирсэн” гэв.