Улсын Их дэлгүүрт өчигдөр гарсан галыг унтраахад онцгой байдлын бие бүрэлдэхүүн хэрхэн ажилласан талаар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.
Гал хурдацтай тархсан тул хүч нэмэгдүүлэн нийт 96 алба хаагч ажилласан тухай НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан мэдээлэв.
Галын дүгнэлт багадаа 14 хоногийн дараа гарах аж.
Гал унтраах, аврах ажиллагааны талаар мэдээллийг танилцуулсны дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гал сөнөөгч нарыг хамгаалах хувцас хэрэгсэл, баг хэр хүрэлцээтэй байна вэ?
-Аврагч, гал сөнөөгч хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хүчилтөрөгчийн баг байх ёстой. Онцгой байдлын алба үүгээр 100 хувь хангагдаагүй. Тиймээс хорт утаатай нөхцөлд нь л багтай хүмүүс ажилласан. Хорт хий, утаанаас хамгаалах баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмжийн хангалт 70 орчим хувьтай байгаа.
-Өндөр барилгад гарсан галыг унтраахад ашиглах шат, техник хэрэгсэл хэр хангалттай байдаг вэ. Хамгийн ихдээ хэдэн давхрын өндөрт гарсан галыг унтраах боломжтой вэ?
-Өндөр барилгад гарсан галыг унтраах зориулалт бүхий авто механик шат нийслэлийн хэмжээнд гурав бий. Чингэлтэй дүүргийн 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн 63 дугаар ангид ийм шат байгаа.
Нэг нь гучин метр сунана. Барилгын нэг давхрыг гурван метр гэж үзвэл есөн давхарт хүрэх боломжтой.
Тэгэхээр есөн давхар хүртэл барилгад энэхүү авто механик шатыг ашиглан аврах ажиллагаа явуулах боломжтой. 12 давхар барилгад гал унтраах ажиллагаа явуулж болно.
Өчигдөр нийслэлдээ байгаа гурван шатаа ашигласан.
-Улсын хэмжээнд хамгийн урт сунах шат нь хэдэн метр сунах вэ?
-Хамгийн ихдээ 50 метр урт сунах шат Эрдэнэтэд бий. Сүүлийн үед 10-аас дээш давхар барилга их баригдаж байна. Өндөр барилгууд стандарттай, гал унтраах усан хангамжаа шийдсэн байх ёстой гэх шаардлагыг тавьдаг. Галын дохиолол, гал унтраагч, насос, усан хангамж гэх зэрэг иж бүрэн тоноглож, өөрийгөө аврах нөхцөлтэйгөөр баригддаг.
-Нисдэг тэрэгтэй болох тухай нэлээд удаан яригдаж байна?
-Онцгой байдлын байгууллага сүүлийн 4-5 жил нисдэг тэрэгтэй болох уриалга дэвшүүлж, санаачилгаа байнга уламжлан, энэ асуудал яригдаж байгаа. Энэ жилдээ багтахгүй бол ирэх жилд Францаас хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр нисдэг тэрэг авахаар яригдаж байна. Одоогоор улсын хэмжээнд гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байхгүй.
-Гал унтраах машинууд хэр хэмжээний ус нөөцлөх боломжтой бол?
-Гал унтраах машинууд харьцангуй их хэмжээний усыг нөөцөлдөг болсон. Хамгийн багадаа 4 тонн. Ихдээ 8 тонн ус нөөцөлдөг. Тиймээс бага хэмжээний гал дээр ус дутагддаггүй.
Томоохон объектод удаан үргэлжилж байгаа галыг унтраахад ус болон гал унтраах материалын нөөц дутдаг. Өчигдөр гарсан галын тухайд УИД-ын ойролцоо усан хангамж буюу гидрант байдаггүй. Нийслэлийн хэмжээнд төвийн шугамд байрласан 178 галын гидрант бий. Үүнээс 104 нь ашиглах боломжтой.
Сүүлийн үед баригдаж байгаа барилгуудад заавал галын гидрант байх шаардлагыг тавьж, суурилуулсныг нь шалгаж хүлээн авч байгаа. УИД-ийн барилга нь хуучных тул галын гидрант байдаггүй.
-УИД-ийн барилгын хийц нь галд хэр тэсвэртэй вэ?
-Үндсэн барилга нь галд тэсвэржилттэй, таван давхар тоосгон барилга. Гал гарсан хэсэг нь өргөтгөлийн зургаадугаар давхарт гарсан. Уг давхар нь шатах материал хийцтэй тул гал хурдан тархсан.
"Манайхан тасралтгүй ажилладаг. Ингэлээ гээд урамшуулал авдаггүй"
-Хамгийн сүүлд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэзээ хийсэн бэ?
-Их дэлгүүрт 2019 оны хавар, намар хоёр удаа шалгаж, гарсан зөрчлийг арилгуулсан байсан. Энэ оны хоёрдугаар сард мөн шалгалт хийсэн.
-Ямар зөрчил илэрсэн бэ?
-Ихэнх барилгад цахилгааны зөрчил их илэрдэг. Мөн худалдаа, үйлчилгээний төвүүдэд орц, гарц олон байх ёстой байтал үйлчилгээний зориулалтаасаа шалтгаалан орц, гарцаа хаах зөрчил бий. Үүний зэрэгцээ хоолны газрууддаа газ хэрэглэдэг нь томоохон зөрчил юм.
-УИД-ийн дээд давхарт хоолны газар бий. Тэнд газ дэлбэрсэн үү?
-УИД-ийн барилга нь үндсэн таван давхар барилга, өргөтгөлийн зургаадугаар давхартай. Мөн хамгийн дээд давхарт буюу долдугаар давхар нь П хэлбэрийнх бөгөөд энд ресторан байрладаг. Долдугаар давхарт гал ороогүй. Тэнд газын хоёр баллон байсныг гарган аюулгүй болгосон.
-Галын дүгнэлт хэзээ гарах вэ?
-Хамгийн багадаа 14 хононо. Шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж, дүгнэлт гарснаар шийдэгдэнэ.
-Барилгын аль хэсэг галд автав?
-Зургаадугаар давхар бүхэлдээ шатсан. Тавдугаар давхрын хойд хэсэг тодорхой хэмжээнд галд өртсөн. Галын утаа бүх давхарт орсон.
-Хохирлын хэмжээг урьдчилан тооцоолох боломжтой байна уу?
-Одоогоор тооцоолох боломжгүй. Хохирлын хэмжээ нэлээд гарах байх.
-Гал унтраах ажиллагаанд амарч байсан алба хаагчдаа дуудсан гэсэн. Ингэхэд нэмэлт урамшуулал, илүү цагийн цалин олгодог уу?
-Гал унтраах ажиллагаа, гамшиг ослын үед амарч байх үедээ дайчлагдсан алба хаагчдад урамшуулал олгодоггүй. 24 цаг ээлжиндээ гарч ажиллан, объектын галаа унтраагаад буухдаа ногоон бүсийн эргүүлд явдаг.
Манайхан тасралтгүй ажилладаг. Ингэлээ гээд урамшуулал авдаггүй.