Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Сидней болон бусад улс руу хийх нислэгийн талаар мэдээлэл өглөө.
“Австрали улс руу МИАТ компани анх удаа нислэг хийх гэж байгаа тул маш олон зөвшөөрөл авах хэрэгтэй болсон. Тэр бүх зөвшөөрөл өнөөдөр дуусаж, албан ёсны шийдвэр гарсан тул мэдээлэл өгч байна.
Хол учраас дунд зайлшгүй онгоц газардаж, сумлах (шатахуунаар цэнэглэх) шаардлагатай. Үүнтэй холбоотой зөвшөөрлийг мөн авсан. Эдгээр зөвшөөрлийг хөөцөлдөх явцдаа Австрали улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 1,200 иргэнийхээ бүх хүсэлт, өргөдлийг ЭСЯ-наас Шуурхай штабт хүлээж аваад, өмнөх шаардлагынхаа дагуу нэрсийг баталж, хүргүүлсэн. Энд зөвхөн тодорхой иргэдийг авах гээд нисгэж байгаа, олон нийтэд мэдээлэхгүй нууцаар нисэх гэж байсан гэсэн нь ор үндэслэлгүй юм.
Онгоц 6-ны шөнө нисээд Даваа гарагийн өглөө Улаанбаатарт газардана. Буцахдаа Сингапурт хүнд байдалд байгаа 34 иргэнээ авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Тус онгоцоор ийнхүү Австрали болон Сингапураас 270 орчим иргэнээ авахаар төлөвлөж байна” гэлээ