Олон улсын валютын сан Монгол Улсыг дэмжих зорилгоор 99 сая долларын төсөвтэй Шуурхай санхүүжилтийн хэлэлцээрийг албан ёсоор баталжээ. Энэхүү яаралтай санхүүгийн тусламж нь гадаад валютын нөөцийг дэмжих, цар тахалтай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай төсвийн орон зай бий болгоход туслах юм.
ОУВС-ийн Гүйцэтгэх зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцсэний дараа тус байгууллагын дэд тэргүүн Мицухиро Фурусава "Монгол Улс вирусний тархалтыг амжилттай хязгаарлаж байгаа ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж буй. Тиймээс төсөв болон төлбөрийн тэнцэлд үүссэн эрсдэлийг бууруулахад энэхүү дэмжлэгийг үзүүлж байна" гэжээ.
Эрх баригчид эдийн засгийн хямралыг хязгаарлах, эмзэг бүлгийн иргэдэд туслах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авсан. Саяхан төсөвт тодотгол хийснээр эрүүл мэнд, нийгмийн зардлыг нэмэгдүүлэх, хямралд өртсөн айл өрх, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болсон. Нэмж дурдахад, Монголбанк хувийн хэвшилд олгосон зээлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мөнгөний болон санхүүгийн бодлогыг хөнгөвчилсөн гэжээ.