ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн талаар болон шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Зургаадугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 374 хүний шинжилгээг хийсэн. Үүнд коронавирусийн халдвар илрээгүй. Бүгд сөрөг гарсан. Үүнд:
Тандалтын зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг, СХД-ээс ирүүлсэн найман сорьц
Зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ
ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 209 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочид шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй" гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Германы Росфирм иммуналогийн бүрэн автомат анализатораар хүний ийлдэс ба сийвэн дэх САРС, Коронавирус-2 вирусийн эсрэг биетийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Үүнийг ХӨСҮТ-д ашиглан шинжилгээ хийх бэлтгэл ажил дууслаа.
Уг оношлуураар хүн амын дундах коронавирусийн тархалт, дархлааны хариу урвал, дархлал тогтцыг шинжлэх боломж нээгдэж байна. Ингэснээр ХӨСҮТ-д коронавирусийг оношлох гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн шинжилгээ хийх боломжтой боллоо" гэв.