Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын жагсаалтаас гарах ажлын хэсгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн даргуудын газраас тайлангийн дүгнэлт ирсэн. Дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудсанд зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэж бичсэн байна.
Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан байсан 6 нөхцөл байдлыг бид арилгаж чадлаа. Бидний зүгээс 5 сарын 4-нд тус байгууллагын өмнө хамгаалсан дүгнэлтийг хэлэлцээд асуудалтай буюу үүрэг өгөгдсөн байсан нийт 6 даалгаврыг хамгаалсан гэсэн байна. Коронавирустай холбоотойгоор газар дээр нь хийгдэх байсан шалгалт түр хойшлоод байгаа.
Мөнгө угаахтай холбоотой хэсгийг АТГ, прокурор, шүүх гэхчлэн хамтдаа ажиллаж тайлангаа хамгаалсан. Ингэж саарал жагсаалтаас гаргахад төрийн бүх байгууллага хамтран ажиллалаа. 2020 оны 1 дүгээр сард хамгаалахад нэг дутагдалтай зүйл байсан нь НҮБ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудал байсан юм. Үүнийг бид өнгөрсөн хугацаанд засч чадсан. Ингэснээр, Аи номхон далайн бүс нутгийн өмнө нэр төртэй хамгаалж дүнгээ тавиуллаа. Энэ бичгийг сэтгүүлч та бүхэнд тарааж өгнө.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: ФАТФ-ын 2019 оны 9 дүгээр сард Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан хэмээн мэдээлсэн. Өнгөрсөн долоон сарын хугацаанд төрийн байгууллагууд нэлээн ачаалалтайгаар баг болж ажилласнаар тавдугаар сард уг жагсаалтаас хасагдах болзлоо хангалаа. Дараачийн албан ёсны хурлаар манай улсыг Саарал жагсаалтаас гарч байгаа гэдгийг зарлана" гэлээ.