ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Өнгөрсөн 24 цагт Монгол улс даяар нийт 369 хүнд шинжилгээ хийхэд 351 хүнд коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д байсан 21, тусгаарлах байранд байгаа 220 хүнд давтан шинжилгээ багтаж байна.
Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс 10 хүнд тандалт хийхэд коронавирус илрээгүй.
Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 230 хүнийг галт тэргээр авчирсан. Тэдэнд хийсэн шинжилгээгээр 18 хүнээс коронавирус илэрлээ. Онош батлагдсан иргэд 19-52 насныхан байна. Үүний 11 нь оюутан.
Ингээд Монгол улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдлын тоо 179, эдгэсэн 43 боллоо. Одоогоор ХӨСҮТ-д эмчилгээнд 136 хүн байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн эмчлэгдэж байна. 8-16 насны 5 хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай халдвартай иргэд ХӨСҮТ-д эмчлэгдэж байна” гэв.