Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Шинжилгээний дүнг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд байгаа 352, тандалтын зорилгоор цуглуулсан 19, ажиглах байранд байгаа 7 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 30 жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Харин 13 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Үүнийг тодруулж хэлбэл, тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс, Алтанбулаг боомтоор 27-нд орж ирсэн 340 хүний 12-оос коронавирус илэрлээ. Тэдний 10 нь оюутан.
Оюутнууд маань маш их халдвар авсан нь харагдаж байна. Хүний нутагт голдуу нэгдүгээр курсийн 17-20 насны хүүхдүүд маань байгаа. Сургуулийн үйл ажиллагаа зогсоод, дотуур байрнаасаа гарсан нөхцөлд хүүхдүүд байсан. ОХУ-аас ирсэн хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байгаа бөгөөд хүнээ зөв сонгож татаж авсан байна. Хүүхдүүдээ эцэг эх, ах дүү нарынх нь дэргэд, эх оронд нь эмчилж байгаа маань маш сайхан хэрэг боллоо.
Нийт батлагдсан тохиолдол 161 болсноос 43 нь эдгэрсэн. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 107-ын биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ.
"Иргэд маань маш хариуцлагатай байж мэдээллээ нарийн тодорхой өгч байгаа"
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 165 хүн байгаа. Бид 250 хүн хүлээж авч ажиллах боломжтой.
Өнөө өглөө Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 зорчигчийг гал тэргээр Улаанбаатар авчирсны 21-г нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Ирж тусгаарлагдаж байгаа иргэд маань маш хариуцлагатай байж мэдээллээ нарийн тодорхой өгч байгаа. Хамтарч ажиллах сэтгэл маш өндөр болсон байна. Явцын дунд шинж тэмдэг илрээгүй ч мэдээллээ тогтмол сайн өгч байгаа учраас хамтарч ажиллахад бидэнд урамтай байгаа.
Цаашдаа чартер нислэгээр ирэх иргэдээ маш сайн хянана. Бүх юм хяналтад байгаа гэдгийг хэлмээр байна" гэв.