Өчигдөр орой 16:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт байрлах “Хан талст” компанийн эзэмшил талбайд 11-15 насны 4 хүүхэд тогтоол усанд живж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарлаа.
“Хан талст” компанийнхан барилгын суурь шороог авсны улмаас хөрсний ус ундарсан байсан тэрхүү усны толионд хүүхдүүд живж амь насаа алдсан гэдэг мэдээллийг албаныхан өчигдөр орой өгсөн. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар тогтоол усан дээр хүүхдүүд хөөсөнцөр тавин дээр нь гарч завь болгон тоглож байгаад амь эрсэдсэн гэдэг мэдээллийг өгсөн юм.
Хүүхдүүд Дэнжийн 1000-аас хэсэг найзуудынхаа хамт ийнхүү тоглохоор ирээд амь насаа алджээ.
Уг асуудлын хүрээнд өчигдөр орой Нийслэлийн мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагууд мэдээлэл хийх үеэрээ 2014 онд хотын дарга Э.Бат-Үүл “Хан талст” компанид 3.3 га газар ашиглах зөвшөөрлийг өгсөн талаар мэдээлсэн. Үүний дагуу Монголын хамгийн анхны эргийн тохижилт, наран шарлагын газар, задгай театр зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр “Хан талст” компани барилгын ажлаа эхлүүлээд байсан аж.
Тавдугаар сарын 10-нд буюу өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн зөрчлөө арилгаж, ажлаа зогсоох хэд хэдэн зүйл албан шаардлагыг хүргүүлжээ. Гэвч тэд зөрчлөө арилгаагүйгээс болж ийнхүү 4 хүүхдийн амь нас эрсдэлээ гэдэг тайлбарыг албаныхан өгсөн юм.