ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Өнгөрсөн 24 цагт Монгол улс даяар нийт 193 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-д байсан 18, тусгаарлах байранд байгаа 24 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс 10 хүнд тандалт хийхэд коронавирус илрээгүй.
Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 ачаа тээврийн жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Харин өнөөдөр ОХУ-аас ирсэн 4 оюутан эдгэрч, дараагийн шатлал руу шилжлээ. Тэдэнд 42-43 хоногийн эмчилгээ хийсэн.
Ингээд Монгол улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдлын тоо 141, эдгэсэн 37 боллоо. Одоогоор ХӨСҮТ-д эмчилгээнд 104 хүн байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн эмчлэгдэж байна.
Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 170 зорчигч ирснээс 6 хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан” гэв.