Дэлхийн хөл бөмбөг эргэн ногоон талбайдаа явагдаад эхэлсэн. Германы Бундеслиг үзэгчгүй явагдаад эхэлсэн бол Италийн Сери А, Английн Премьер лиг, Испаний Премьера Дивизион энэ жишгийн дагуу ирэх сараас үзэгчгүй явагдахаар болсон билээ.
Монголын Хөл Бөмбөгийн холбоо ч мөн адил халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин үзэгчгүй лигээ зохион байгуулах хүсэлтийг УОК-д хүргүүлж зөвшөөрлийн бичгийг 18-ны өдөр хүлээн аваад байсан билээ. Оролцох багууд хувцас хэрэглэл, эрүүл мэндийн үзлэг, талбай түрээслэх гээд бүхий л бэлтгэлээ хангаж Монголын Хөл Бөмбөгийн холбоо ОУ-ын жишгийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулахад бэлэн болоод байсан ч УОК-ын зүгээс шийдвэрээ цуцаллаа.
Ямар учраас гаргасан шийдвэрээ цуцалсаныг мэдэхгүй ч Монголын Хөлбөмбөгийн холбоо болон оролцогч клубүүд үлэмж хэмжээний санхүүгийн болоод цаг хугацааны хохирол амслаа. Ирэх долоо хоногт энэ шийдвэрийн талаар МХБХ ЗӨВЛӨЛ хуралдаж цаашид хэрхэх талаар хуралдах болно хэмээн мэдээллээ.