Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гадаад улсаас монгол иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүд хийгдсээр байна.
Өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотыг чиглэн ОМ7757 аяллын дугаартай агаарын хөлөг 08:55 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Тусгай үүргийн уг онгоцоор 190 орчим иргэн эх орондоо ирэхээр бүртгүүлсэн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлж байв. Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдэд зориулан Энэтхэг дэх Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.
"Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас 2020 оны 5 дугаар сарын 18-ны Даваа гаригийн 18.45 цагт хөөрөх “МИАТ” компанийн тусгай үүргийн EX Delhi нислэгт дараах журмаар үйлчлүүлнэ. Үүнд:
Нэгэнт тогтмол рейсийн нислэг биш учир зорчигчдын бүртгэл гараар хийгдэнэ. Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын 3 дугаар терминальд 14:00 цагаас хожидолгүй очсон байх шаардлагатай.
ЭСЯ-тай хамтарч ажилладаг энэтхэгийн компанийн ажилтан нисэх буудлын үүдний гадна Таныг угтаж паспорт, Улаанбаатараас урьдчилж ирүүлсэн зорчигдын нэрсийн жагсаалттай тулгаж шалгана.
Уг ажилтан зорчигчийн талон хоёр ширхэг маягтын хамт өгнө. Нисэх буудлын захиргаанаас баталсан эрүүл мэндийн асуумж-маягтыг нягт нямбай бөглөх хэрэгтэй.