Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл
“Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 94 мянган хүн COVID-19 халдварыг шинээр авч, 5,000 гаруй хүн нас баржээ.
Өчигдөр ОХУ-д 9,974 хүн шинээр халдвар авсан бол Буриадад 49, Эрхүүд 26 тохиолдол нэмэгдсэн байна.
Харин манай улсын хувьд одоогоор нийт 98 тохиолдол бүртгэгдээд байна.
Өчигдөр Турк улсаас 179 иргэн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Тэдгээр хүмүүс нь ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй, эрүүл мэндийн шалтгаантай байсан.
Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголика, Амар, Мичид зэрэг зочид буудалд тусгаарласан.
Мөн Алтанбулагийн боомтоор ОХУ-аас 200 гаруй оюутан ирснийг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймаг болон Баян байгаль, Батсүмбэр, Баянхангай амралтад байрлуулсан.
Өчигдрийн хувьд шинээр 400 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.
Өнөөдрийн байдлаар ажиглалтад нийт 1,619 хүн байгаа бол тэдэнд 22 их эмч, 49 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
14 чиглэлийн орон нутгийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч нар ажиллаж, 3,520 зорчигчид тандалт судалгаа явуулахад сэжигтэй тохиолдол илрээгүй" гэсэн мэдээлэл өглөө.
Мөн тэрбээр "Шуурхай 119 утсанд 224 цагийн хугацаанд нийт 296 дуудлага ирсэн бол аппликэйшнд найман дуудлага ирсэн байна.
Үүнд АНУ-аас нэг, Швед улсаас нэг хүн холбогдож, зөвлөгөө авсан бөгөөд Швед улсаас холбогдсон манай улсын нэг иргэнд коронавирус илэрсэн байна. Түүний биеийн байдал одоогоор хөнгөн байгаа учир гэрийн тусгаарлалтад буй аж.
Ингээд гадаадад байгаа монголчуудаас халдвар авсан нийт 32 хүн байна. Түүнээс 13 нь эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байгаа.
Мөн иргэдээс зах, худалдааны төвийн худалдагч нар амны хаалтгүй үйлчилж байгаа гэх мэдээлэл ирлээ.
Ингэж болохгүй. Худалдаа үйлчилгээ эрхэлж буй хүн бүр амны хаалтыг заавал зүүх хэрэгтэй бөгөөд гараар оёсон амны хаалтыг 8 цаг тутам, нэг удаагийн амны хаалтыг 2-3 цагийн хугацаанд солих хэрэгтэйг анхааруулж байна” гэдгийг онцлов.