Манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарлаж байна.
Тэрбээр "Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 375 хүнд шинжилгээ хийсэн.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнууд бүгдээс нь сорьц авч шинжилгээ хийлээ. Ингэхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн" гэв.
Давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
ХӨСҮТ-д одоогоор 132 хүн хяналт, ажиглалтад болон эмчилгээ хийлгэж байна. Харин коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 15 хүн дараагийн ажиглалтад шилжсэн юм.
Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Хоёр хүний шинж тэмдэг арилсан, эмнэлгээс гарахад бэлэн байгаа ч нэг сорьцод вирус илэрч байгаа тул эмчилгээг үргэлжлүүлж, бүх шинжилгээ сөрөгжвөл эмнэлгээс гаргаж, ажиглалтад шилжүүлнэ хэмээн мэдээлэв.