Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Мэдээллийн үеэр тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бий эсэх болон тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрээр "Тавдугаар сарын 10-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Өчигдөр ХӨСҮТ-ийн Вируслогийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал
ХӨСҮТ, Дорноговь, Дархан-Уул болон нийслэлийн ажиглах байруудад тусгаарлагдсан нийт 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.
Мөн одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой, дунд, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн хүмүүст хоёр удаагийн давтан шинжилгээ хийсэн. Зарим тохиолдолд нь гурван удаагийн шинжилгээ хийлээ.
Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ" гэв.