Дэлхий даяар тархсан коронавирусийн халдвар зарим улс орнуудад буурах шинж ажиглагдаж байгаагаас хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна.
Гэвч ингэсэн улс орнуудад халдварын голомтууд шинээр илэрч эхэлсэн нь тахлын хоёр дахь давалгаа эхлэх эрсдэл өндөр хэвээр байгааг харуулж байна.
Тухайлбал Хятад улсад Ням гарагт халдварын 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 өдрийн хугацаанд анх удаа хоёр оронтой тоонд хүрсэн явдал байлаа. Тэдгээрийн 12 нь дотоодод дамжсан халдвар байсны 8 нь зүүн хойд Жилин мужид илэрсэн байна.
Хэдхэн өдрийн өмнө Хятад улс бүх муж, бүс нутгуудынхаа аюулын түвшнийг “бага” зэрэглэлд буулгаад байсан бол өчигдөр Жилин мужийн Шулан дүүргийн зэрэглэлийг буцааж “өндөр” болгожээ.
Коронавирусийн тахлыг дарж чадсан улс гэгддэг Өмнөд Солонгост Ням гарагт 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Сөүлийн шөнийн клубүүдээс гаралтай халдвар байв.
Даваа гарагт Хятадад вирусийн халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь хоёр өдөр дарааллан өссөн үзүүлэлт болж байна. Эдгээрийн тохиолдлын тав нь Ухань хотод бүртгэгджээ. Мөн Жилинь мужийн зүүн хойд хэсэгт орших Шулан хотод халдварын тоо нэмэгдэж буй нь анхаарал татаж байна.
Жонс Хопкинсийн их сургуулиас боловсруулсан мэдээллээр дэлхий даяар 4 101 482 халдвар бүртгэгджээ. Эдгээрийн нэг сая 300 мянга нь АНУ-ын нутаг дэвсгэрт байгаа юм.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хөл хориог сулруулах төлөвлөгөөгөө өчигдөр танилцууллаа. Зургаадугаар сарын нэгнээс сургуулиудыг үе шаттай нээх бөгөөд нийтийн тээврийг аль болох сонгохгүй байхыг уриалжээ. Дараагийн ээлжинд дэлгүүр, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна.