Нийслэлийн нэгдүгээр бүсийн авто зогсоолын төлбөрийг нэмнэ

Авто зам ашиглалтыг сайжруулах ажлын хэрэгжилт,  зогсоол ашигласны төлбөр авах, нийслэлийн зогсоолын хүрэлцээг сайжруулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр "Нийслэлийн хэмжээнд 75 төлбөртэй зогсоол бий. Гэвч иргэдэд зогсоол хүрэлцээ муу байдгаас түгжрэлд нөлөөлдөг. Харин нийслэлд нийт 570 орчим авто машины зогсоол бий гэсэн судалгаа гарсан. Улаанбаатар хотын авто зогсоолыг байршлаар нь гурван бүст хуваана. Хотын нэгдүгээр бүсийн авто зогсоолын төлбөр өндөр байхаас гадна автомашиныг 2 цагаас илүү байршуулах боломжгүйгээр зохион байгуулна. Нийслэлд энэ зохицуулалтыг тавдугаар сард багтааж хийхээр төлөвлөж байна. Орон сууцны хороолол дундын зогсоолд цагдаа, түргэн тусламж, гал, Онцгой байдлын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой, сул зай гаргахыг үүрэг болгоно. Бусдын авто машиныг хааж тавьсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зөөвөрлөн авч явна" гэв.