Сүүлийн 1 сарын хугацаанд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг завдсан, хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг оролдсон 43 этгээдийг Экологийн цагдаагийн албатай хамтран шуурхай эрэн сурвалжилж, баривчлан, хэрэг үйлдэхдээ ашигласан 19 тээврийн хэрэгслийг түр саатуулан, багаж хэрэгслийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Цагдаа, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газар, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Баруун-Урт сумдын Засаг даргын тамгын газрын алба хаагчид хамтран тухайн газарт байнгын пост гаргаж, хөдөлгөөнт эргүүл, шалгалтыг зохион байгуулж байна.
Эрүүгийн хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, олборлохыг завдсан бол 1-5 жил хорих, энэхүү үйлдлийг хийхдээ төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол 2-8 жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэг юм.
Иймд иргэд Та бүхэн байгаль орчноо хайрлан хамгаалж, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар