Дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун олны өмнө гараагүй нь олон улсын хэвлэлээр төрөл бүрийн цуурхал тархах үндэс болсон. Түүнийг зүрхний мэс засалд орсон, коронавирусийн халдвараас нуугдаж байгаа, тэр бүү хэл нас барсан гэх төрөл бүрийн мэдээлэл гарч байв.
Харин тавдугаар сарын 2-ны өмнө Ким Жон Ун олны өмнө гарч олон эргэлзээ, таамаглалд эцэс тавьсан ч удаан хугацаанд "сураггүй байсан" шалтгааны талаарх мэдээллүүд хөвөрсөөр байна.
Өмнөд Солонгосын үзэж байгаагаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун зүрхний мэс засалд орсны улмаас гурван долоо хоног олны өмнө гараагүй гэсэн мэдээлэл үнэнд нийцэхгүй, харин Хойд Солонгост коронавирусийн дэгдэлт гарч болзошгүй хэмээн болгоомжилсонтой холбоотой гэнэ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын Тагнуулын үндэсний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын тэргүүний эрүүл мэнд муудсантай холбоотой бүхий л мэдээлэл "ямар ч үндэслэлгүй" гэнэ.
Мөн энэ онд Ким Жон Ун ердөө 17 удаа олны өмнө гарсан бөгөөд өнгөрсөн онд 50 удаа гарч байжээ. Энэ нь тус улсад коронавирус дэгдсэн байж болзошгүй гэсэн таамаглал төрүүлж байгааг тагнуулын газрын төлөөлөгчид өгүүлсэн байна. БНАСАУ-ын албан ёсны мэдээллээр тус улсад халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм.