Монголын ард түмний төдийгүй монгол туургатан улсуудын сэтгэлд хоногшсон олон сайхан дуутай монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх зургаадугаар сарын 6-нд онлайн тоглолт хийхээ зарлалаа. Хамтлагийн албан ёсны цахим хуудсанд бичсэнээр онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч хамтлагаар ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсантай холбоотой аж. Тус төслийн хандивын аяны нээлт болгож “Монгол соёл” хэмээн нэрийдсэн онлайн тоглолтоо хийхээр болжээ.
Тэд Монголын ард түмний сэтгэлд эгшиглэдэг “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг гайхалтай уран бүтээлүүдээрээ дамжуулан "Монгол поп опера" хэмээх урсгалыг хөгжүүлж, өөрсдийн гэсэн өнгө аяс, стиль имижийг бүрдүүлж буй.
Онлайн тоглолт ирэх сарын 6-ны 18:00 цагт “ТВ8” телевизийн шууд эфирээр Монгол туургатан даяар цацагдана.