Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 32,313 хүрсэн тухай Их Британийн засгийн газар Мягмар гарагт мэдээлжээ.
Ингэснээр тус улс эндэгдлийн тоо хэмжээгээр дэлхийд зөвхөн АНУ-ын дараа, Европт хамгийн эхэнд бичигдэж байна.
Өчигдрийг хүртэл Итали улс цар тахал эхэлсэн цагаас хойш нийт 29,029 хүн нас барсан үзүүлэлтээр тивдээ тэргүүлж байсан юм.
АНУ-д өчигдрийн байдлаар 70,000 гаруй хүн нас бараад байгаа нь дэлхийн бүх улс орнуудаас хамгийн муу үзүүлэлт болж байна.
Мягмар гарагт Ази тивд батлагдсан коронавирусийн халдварын нийт тохиолдол 250,000-ыг давсан нь Сингапур, Пакистан, Энэтхэг улсуудад нэмэгдсэнтэй холбоотой байв. Харин Хятад, Өмнөд Солонгос, Япон улсуудад өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тоо эрчимтэй буураад байгаа юм.
Тивээр нь авч үзвэл Ази тив дэлхий дахины нийт халдварын тохиолдлын 7 хувийг эзэлж байгаа бол Европ тив 40 хувь, Умард Америк 34 хувьтай байна.
Сүүлийн өдрүүдэд ОХУ, Бразил улсуудад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, хамгийн олон халдварын тохиолдолтой дэлхийн 10 орны 7 ба 9 дүгээр байруудад бичигджээ.
Дэлхий даяар нийт 3.6 сая хүн коронавирусийн халдвар авснаас 254,000 гаруй нь нас бараад байна. Үүнээс 1.2 сая орчим хүн бүрэн эдгэрчээ.