Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Нийслэлд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 1041 ресторан, 945 баар ажиллаж байгаа аж.
Баар, цэнгээний газруудыг энэ сарын 1-нээс нээсэнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас заавар, зөвлөмж бүхий мэдэгдлийг аж ахуйн нэгжүүдэд хүргэжээ.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Танхимын сургалтын үйл ажиллагааг УОК, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хориглосон учраас сургалтын төвүүдийг нээх боломжгүй байна. Тиймээс бид цөөн тооны хүмүүс хичээллүүлэх сургалтын байгууллагуудыг нээх асуудлаар УОК-т хандаад байгаа. Харин үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүд зөрчил дутагдал гаргаж байна. Ажлын байрыг хадгалах бодлогын хүрээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг нээсэн ч амралтын өдрүүдээр үүссэн нөхцөл байдлаас харахад ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Бэлэн байдлыг хангаж чадахгүй байна. Мөн өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналтынхнаа нэмж ажлаар дарах боломжгүй. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг дахин хязгаарлах нь зүйтэй гэж дүгнэлээ. Аж ахуйн нэгжүүд заавар зөвлөгөө дагахгүй байна. Залуучууд дэглэм, журмыг дагахгүй байна. Тиймээс архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг хязгаарлаж байна" гэв.