Д.Нямхүү: Өчигдөр 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирус  илрээгүй

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 30-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй  тохиолдол бүртгэгдээгүй.

ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймагт нээгдсэн салбар 1 лабораторид 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирус  илрээгүй.

Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өчигдөр ирсэн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс 5 хүнийг ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан. Өнөөдөр бид эдгээр иргэдээсээ шинжилгээ аван маргааш шинжилгээний хариугаа мэдээлнэ. Бидний хувьд аюул өнгөрөөгүй, урд байгаа гэж үзэж байгаа. 

Бидний тооцож буйгаар Франкфуртээс ирэх онгоц нэлээд хүнд байна гэж харж байгаа.

Бид нэг нэгэндээ хатуу шаардлага тавих хэрэгтэй. Амны хаалт зүүн бээлий өмсөх хэрэгтэй.

Халуун цай, халуун шөл ууснаар хоолой, хамар залгиур дээр байгаа вирусийг ходоод руу оруулан хамгаалагдаж байгаа шүү гэдгийг энгийнээр хэлье. Өнөөдөр бид дотроо алдаагүй учраас маш хичээх хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Бид олон давтамжтай зөвлөгөө өгч байгаа ч энэ бол уйдахын аргагүй зөвлөмж юм. Бид хатуу чанд байснаар коронавирусийг ялах юм” гэв.