Дэлхий даяар онош батлагдсан халдварын тохиолдол 3.2 саяас давж, 230,000 орчим хүн нас бараад байна. Харин нэг сая гаруй хүн коронавирусийн халдвараас эдгэрчээ. Халдварын тархалтаар АНУ тэргүүлсэн хэвээрээ, Европын орнуудад нөхцөл байдал тогтворжих төлөв ажиглагдаж байгаа ч тайвшрах цаг болоогүйг ДЭМБ-аас анхааруулж буй. Тэрчлэн тус байгууллагын зүгээс Баруун Африкийн хэд хэдэн оронд ноцтой байдал үүсэж магадгүй хэмээн зовниж байгаагаа илэрхийллээ.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал олны анхаарлын төвд байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 3.8 сая гаруй иргэн ажилгүйдлийн тэтгэмжийн нэхэмжлэл нэмж гаргажээ. Ажлын байраа алдсан иргэдийн тоо АНУ-д 30 саяд хүрлээ.
Евро бүсийн эдийн засаг эхний улиралд 3.8 хувиар агшиж, 1995 оноос хойш хамгийн том хохирол амсаад байна.