CoVid19 халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байгаа билээ. Энэ хүрээнд Улсын онцгой комисс, хотын даргын захирамжаар спорт, соёл урлагийн газруудын үйл ажиллагааг түр зогсоож, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын ажиллах цагийг 22.00 болгож хязгаарласан юм.
Тэгвэл уг захирамжийн хуулийн үйлчлэл өчигдөр дуусгавар болж буйтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дахин захирамж гаргажээ. Захирамжаар өнөөдрөөс эхлэн спорт, соёл урлагийн газруудыг цагийн зохицуулалттай нээхээр болов. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын цагийн хуваарийг 07.00-00.00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурджээ.