Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд:
ХӨСҮТ-д тусгаарлагдсан -12
Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ
Замын-Үүдэд тусгаарлагдсан-1
Тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтад Өвөрхөнгай аймаг болон Багануур дүүргээс цуглуулсан сорьцыг хамруулсан. Энэ нь улс оронд коронавирусийн халдвар байгаа эсэхийг мөрдөж байгаа юм.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. Бусдыг нь дараагийн шат руу шилжүүлж, 150 орыг бэлдлээ. Одоо чартераар ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулна.
ОХУ-аас ирсэн оюутнууд 20-иод хоночихлоо. Заримд нь 3, заримд нь 4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй" гэсэн мэдээллийг өглөө.
Эмчлүүлж буй өвчтөнүүдийн хувьд хэдэн өдөр дамжих халуурсан, гүйлгэж байгаа өвчтөнүүд байгаа тул эмчилгээндээ онцгой анхаарч байна гэдгийг нэмж хэллээ.