УОК: Франкфуртийн нислэгээр 13 улсаас иргэд ирнэ

УОК-ын шийдвэрээр хоёрдугаар сарын 1-нээс хойш тусгай үүргийн найман нислэгээр гадаад улс орноос 4300 иргэнээ татаж аваад байна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-нд Инчеоны нисэх буудлаас транзит зорчигчдыг, тавдугаар сарын нэгэнд БНСУ-д оршин сууж байсан иргэдийг татан авна. Харин тавдугаар сарын 2-ны өдрийн Франкфуртийн нислэгээр 13 улсаас иргэд ирэх аж. Энэ гурван өдөрт нийтдээ 800 гаруй иргэнээ татан авахаар бэлтгэж байна. Тодруулбал,

Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-УБ /транзит/ нислэгээр нийт 7 улсаас 273 зорчигч

Тавдугаар сарын 01-нд Сөүл-УБ нислэгээр нийт 271 зорчигч

Тавдугаар сарын 02-нд Франкфурт-УБ /транзит/ нислэгээр нийт 13 улсаас 263 иргэн тус тус ирэхээр болжээ.

Улсын Онцгой комиссоос тусгай нислэгээр ирэх иргэдэд дараах таван шалгуур тавьж байгаа. Үүнд:

Орох оронгүй болж байгаа оюутнууд

Эрүүл мэндийн шалтгаантай

Жирэмсэн

Өндөр настан болон асран хамгаалагчтай

Бага насны хүүхэдтэй гэр бүл

Дээрх шаардлагаас гадна БНСУ-ын Хуульзүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлэн саатуулагдсан 30 гаруй иргэнийг тусгай нислэгтэй зайлшгүй багтаах шаардлага тавьжээ. Мөн транзит нислэг хоорондын зай 24 цагаас илүүгүй байхыг анхааруулж буй.

Гадаадын улс оронд байгаа манай улсын 9900 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна.