Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргажээ. Тодруулбал
"Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас 2020 оны 5 дугаар сарын 1-ний тусгай үүргийн онгоцоор нутаг буцах иргэдийн материалыг хянан үзэж, эцэслэн шийдвэрлэсэн жагсаалтыг ЭСЯ-нд ирүүллээ. Консулын хэлтэс уг жагсаалтыг Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газарт даруй хүргүүлсэн. МИАТ-аас тухайн иргэнтэй утсаар нь холбогдож суудал бичиж, тийзийг баталгаажуулна. Нутаг буцах иргэд нислэгт суухын өмнө сүүлийн 48 цагийн дотор коронавирусын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний бичигтэй байх шаардлагатай болохыг анхаарна уу! Энэ удаагийн онгоцонд 4 дүгээр сарын 8-ны нислэгт зарын дагуу утсаар бүртгүүлсэн боловч нислэгт багтаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд /нотлох баримтыг үндэслэн/, эх орондоо буцах өргөдөл, хүсэлт гаргасан хүндэтгэх шалтгаантай иргэд орж байна. Эдгээр иргэдтэй ЭСЯ-наас нэг бүрчлэн холбогдсоны үндсэн дээр хувийн мэдээлэл, өргөдөл, нотлох баримтыг Улсын Онцгой Комиссын шуурхай штабт хүргүүлсэн болно. Энэ удаагийн нислэгт Солонгосын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн албадан буцаах тодорхой тооны иргэд мөн орж байна. ЭСЯ-наас Солонгост оршин сууж буй иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гадаад орноос дамжин ирж буй транзит зорчигчдын хамт нэг онгоцонд явуулахгүй байх саналыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Комиссын шуурхай штабт өмнө хүргүүлсэн. Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас ЭСЯ-ны саналын дагуу энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр зөвхөн Солонгост оршин суугаа иргэдийг авахаар зохицуулсан.
- БНСУ-д халдварын тохиолдол буурч байгаа боловч нутаг буцах хүсэлтэй манай иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Консулын хэлтэст иргэдээс ирүүлсэн нийт 1300 гаруй өргөдлийг Улсын Онцгой Комиссын шуурхай штабт нэгдсэн байдлаар дахин хүргүүлсэн. Өнөөг хүртэл 3 удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 700 гаруй иргэн нутаг буцаад байна. Солонгосоос гадна дэлхийн 40 гаруй оронд 6000 гаруй монгол иргэн нутаг буцах хүсэлтэй байна. Манай улсын Засгийн газар өөрийн улсын эдийн засгийн чадавх, эрүүл мэндийн салбарын бодит хүчин чадал, ХӨСҮТ болон гадуур тусгаарлах байрны нөөц боломж зэргийг тооцож үзсэний үндсэн дээр хилийн чанадаас боломжийн хэрээр иргэдээ татан авах ажлыг шат дараатай хийж байна.
- БНСУ-д коронавируст халдварын тохиолдол буурч байна. Гэвч БНСУ-д өндөржүүлсэн бэлэн байдал хэвээр байгаа бөгөөд 5 дугаар сарын 5-ний өдөр хүртэл хөл хязгаарлалтын дэглэмийг сунгаж, иргэд хоорондоо “зай барих” журмыг мөрдөж байгааг манай иргэд анхаарч, Солонгосын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн чанд сахихыг хүсье!
Анхааруулга: 5 дугаар сарын 1-ний тусгай үүргийн онгоцонд Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас ирүүлсэн жагсаалтад орсон иргэдийг бүртгэж суулгах тул жагсаалтад ороогүй иргэд Инчоны олон улсын онгоцны буудал дээр ирж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл гаргахгүй байхыг иргэд Та бүхнээс хүсье! Инчоны онгоцны буудал нь улсын тусгай обьект бөгөөд 4 дүгээр сарын 8-ны нислэгийн үеэр болсон эмх замбараагүй байдалтай холбоотойгоор онгоцны буудлын захиргаанаас Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газарт аюулгүй байдлын журмыг сахиж, дахин ийм байдал гаргуулахгүй байхыг анхааруулсан болно. Манай иргэд оршин суугаа улсынхаа хууль журмыг хүндэтгэн сахиж биелүүлэхийг хүсье" гэжээ.