“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” гэдэг гайхалтай сайхан үгээр нийтлэлээ эхлүүлье. Кино урлагийг мэдэхгүй төсөөлөхгүй хүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ. Учир нь кино гэдэг бол нийгмийн сэтгэл зүй болоод массын хандлагад маш хүчтэй нөлөөлөхүйц урлагийн төрөл жанр юм. Тэгэхээр кино хэмээх урлагийн түүхээс бага зэргийг авч үзвэл. Анхны кино 1895 онд Францад гарч байсан түүхтэй.
Тиймээс кино урлаг бол маш залуу салбар гэдэг нь харагдаж байна. Манайхан аливаа зүйлийг гаднаас нь хараад л дүгнэх дуртай бэлэнчлэх сэтгэлгээтэй учраас сүүлийн жилүүдэд ихээр гарч байгаа хэтрүүлэг ихтэй кинонуудыг үзээд манай кино урлаг хөгжөөд байна аа л гээд байна. Үнэн хэрэгтээ манай кино урлаг хэрхэн хөгжиж дэлхийн яг хаахна явааг одоо авч үзье.
Кино урлаг бол маш залуухан салбар. Гэсэн хэдий ч хөгжил болоод чиг хандлага нь олон түмний нүдэн дээр ил байдаг учраас хүмүүсийн шүүмжлэлд өртөх нь элбэг байдаг. Монголын кино урлаг 1935 онд “Монгол Кино Үйлдвэр” байгуулагдсанаас хойш үүсэлтэй.
Тэр үеээс эдүгээг хүртэл олон ч төрлийн кино хийсэн басхүү нийгмийн байдлаас болоод уналтын үетэй ч нүүр тулж л явсан. Харин өнөөдөр нөгөө “Кино үйлдвэр” маань хувьчлалд орсноос болоод ч тэр үү бидний яриад байгаагаар кино урлаг арилжааны салбар руу орж мөнгө олох арга хэрэгсэл болоод байгаатай ч холбоотой юмуу кино үйдвэр маань уран сайхны кино хийхээс илүүтэй сериал киноны зураг авалтын павьлион болоод байна.
Кино урлагийн өнөөгийн нөхцөл байдал
Манайхан “Амны билгээс ашдын билэг” гээд л манай киночид дэлхийн чансаатай өрсөлдөхүйц байна аа, “давхиад бай” гээд л хөөргөөд байдаг. Чин үнэн дээрээ Манай киночид төрөөс ямар ч дэмжлэг авахгүй ёстой л өөрсдийн бор зүрхээрээ л болгоод яваад байна. Фантастик, Хувьсал гэх байр сууриа олчихсон кино продакшнууд яахав гэхэд кино урлагт байр сууриа олоогүй, эргэлтийн хөрөнгөгүй, дөнгөж байгуулагдсан жижиг студиуд хаа нэг газраас мөнгө зээлээд л залуу хүмүүсийн хүсэл тэмүүллээрээ кино хийдэг. Тэр кино нь үзэгчдийн сэтгэлд хүрэх нь ч байна хүрэхгүй нь ч байна. Тиймээс алдагдалтай ажиллах магадлалтай гэж ойлгож болно.
Кино хийнэ гэдгийг манайхан зүгээр видео камер барьсан хэдэн залуусын ажил гэж ойлгоод байдаг шиг санагддаг. Гэтэл бодит байдал дээр кино маш өндөр өртгөөр бүтдэг. Хөөрхий киночид маань киногоо хийгээд л кино театруудаар гаргана. Кино театраас киноны нийт ашгийн 48 хувийг авна. Тэгээд л үлдсэн мөнгөө жүжигчид болоод кино багийн хамт олны ажлын хөлсөнд өгнө. Хэрвээ ашигтай ажиллаж чадвал илүүдэл ашиг олно. Ашиггүй байвал театр болон жүжигчдийн түрээсэнд таарна. Ингээд киночид маань нэг ёсондоо олон хүүхдүүддээ хоолоо хүргэх гэж ядаж байгаа ээжүүд шиг л байна даа. Өөрөөр хэлбэл олсон хэдэн төгрөгөө хэнд нь хэдийг өгөх вэ гэж тоо бодсоор байгаа, юун сайн уран бүтээл. Ийм байхад бид киночдоос сайн уран бүтээл нэхэх эрх байгаа болов уу .
Кино урлаг ба төр
Дэлхийн кино зах зээлд монголын эзэнт гүрний байлдан дагуулалт болоод хүчирхэг удирдагчдын талаар кино ихээр хийгдэж байна. Гэсэн хэдий ч яагаад тэрхүү кинонд монгол жүжигчид тоглож болохгүй байна вэ? Яагаад монголын газар нутаг дээр зураг авалтаа хийж болохгүй байна вэ? энэ асуудлыг хэн анхаарах ёстой вэ. 2014 онд АНУ-ын кино зах зээлд хамгийн их ашиг орлого олсон киног хүн амынх нь 10 хувь үзсэн гэсэн тооцоо гарчээ.
Transformers: Age of Extinction: $1.087.404.499
Бүтсэн өртөг: $210 сая
Ерөнхий найруулагчаар нь Майкл Бэй, харин туслах найруулагчаар нь Стивен Спилберг нарын хамтран ажилласан “Transformers 4” киноны “Rotten Tomatoes”-ийн дундаж үнэлгээ 18 хувь хэдий ч 2014 оны хамгийн их ашиг олсон киногоор нэрлэгдэж байна. АНУ ба дэлхийн 4233 кино театрт гарсан киноны тав ба зургаадугаар анги 2016, 2017 оноос гарах юм. Харин найруулагчаар Майкл Бэй ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн ч Марк Уолберг дараагийн ангиудад тоглохоор шийдсэн байна.
Тэгэхэд 2014 онд манайд хамгийн их ашиг орлого олсон кино бол "Үргээлэг" УСК байжээ. Энэхүү киног үзсэн үзэгчийн тоо нийт хүн амын 2 хувийг эзэлж байна.
Монголын кино урлагийн хөгжилд үзэгчид
Монголын кино урлаг хөгжихөд саад болж байгаа бас нэг асуудал нь үндэсний киногоо бус импортын кино-г ихээр үзэж байна. Кино гэхээр зөвхөн уран сайхны киногоор төсөөлж болохгүй юм. Өөрөөр хэлбэл телевизийн хөтөлбөрийн ихэнх хэсгийг эзэлж буй солонгосын олон ангит кино буюу бидний хэлж заншсанаар савангийн дуурь массын сэтгэл зүй, амьдралын хэв шинж мөн үндэстний соёлын хандлагад маш хүчтэй нөлөөлж байна. Ийнхүү телевизээр үзэхээс өөр сонголтгүй болтол ихээр гарч буй олон ангит кино манай үзэгчдийг дэлгэцийн өмнө уядаг гол хөтөлбөрүүдийн нэг болоод байна. Савангийн дуурь хэт их шимтэж үзсэнээр үзэгчид маань солонгос соёлд хэт их автах сөрөг үр дагавар үзүүлэх магадлал өндөр байна. Тухайлбал солонгосын гоо сайхны мэс заслыг ихээр сонирхож мэс засал хийлгэхийн тулд солонгос улсыг зорих дахин төрөгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Мөн өсвөр үеийнхний хувьд солонгосын K-POP урсгалд хэт ихээр автсанаас үндэсний урлагтаа шүүмжлэлтэй хандах гол учир шалтгаан болоод байна. Ингээд манайхны сэтгэл зүйд солонгосын соёл иргэншил аажмаар нэвтэрч, улмаар үндэстэн устах аюулд орох вий хэмээн учир мэдэх хүмүүс өгүүлсээр байна. Манай үзэгчдийн мэдээлэл авдаг гол эх сурвалж нь телевиз байдаг. Ингэхээр уран сайхны ч бай олон ангит ч бай кино гэдэг бол үндэстний сэтгэл зүйн хандлагад маш хүчтэй нөлөөлөхүйц нийгмийн толь гэж хэлж болохоор маш чухал урлагийн салбар юм.
Кино театрт кино үзэх нөхцөл байдлын хувьд залуухан хосууд болзохдоо эсвэл найзууд хоорондоо уулзахдаа кино үзэх тохиолдол их байдаг. Харин тэд маань импортын кино их үзэх төлөвтэй. Хэрэв дотоодын кино үзвэл ямар нэг асуудал хөндсөн кино үзэх бас сонирхолгүй бололтойдог шүү. Түүхэн кино бол бүр ч үзэхгүй. Энэ тал дээр бас л төрийн дэмжлэг зохицуулалт шаардлагатай байна. Нөгөө нэг асуудал нь кинонд ямар ч зүйл тусгагдаж болно. Харин манайхан бол анзаарга сайтай ч гэх юм уу? Аливаа зүйлийг мууг шүүмжлэх дуртай ч гэх юм уу? Зарим нэг кинон дээр хааяа ажиглагдах зүй бус үг хэллэгийг тухайн кино гарсанаас хойш нэг хэсэгтээ л амны уншлага болгож байна.
Тухайлбал "Ар хударга" киноны “Барьж идэхнээ п***а чинь” гэсэн шоронгийн хэсэг, хамгийн сайхан нь киноны “Миний а****р залуу” гэх мэтийн үгнүүдийг брэнд болтол нь хэрэглэх юмаа. Тэгээд л нөгөө киночдын маань хийсэн бүтээл нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн чанаргүй кино болоод шүүмжлэгдээд эхэлж байгаам даа.
Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ
Дээрх бүх асуудлын цаана өнөө л төрийн дэмжлэг дутаж байна. Төрийн дэмжлэггүйгээс болоод өнөөдөр кино урлагийн мэргэжлээр мэргэшин төгссөн кино урлагт сонирхолтой олон залуус хувийн студи байгуулж байна. Өнөөдөр монголд том жижиг нийлсэн 500 орчим студи үйл ажиллагаа явуулж байна. Бүгдийг нь биш юм аа гэхэд төрөөс ямар нэг шалгуур зарлаад үнэхээр сайн гэж үзсэн кино төслийг төрийн буцалтгүй дэмжлэгээр ивээн тэтгэх шаардлагатай байна.Монгол кино үйлдвэрийг төрийн мэдэлд авч төрөөс санхүүжүүлж хөл дээр нь босгох шаардлагатай байна.
Тэгж байж дэлхийн хэмжээний кино үйлдвэрлэлийг нутагшуулах гарц болох боловуу. Манайхан аливаа зүйлийг магтсан ч муулах зай үлдээдэг юм болохоор киночдыг маань магтахын зэрэгцээ киног бизнес арилжааны зориулалтаар хийж байна гэх шүүмж явуулаад л байгаа. Төр засгаас нь ямар нэг дэмжлэг үзүүлэхгүй болохоор цаана нь хүний л амьдрал байгаам болохоор ашиг хонжоо харж л таарна шүү дээ.
Ингээд бор зүрхээрээ киногоо хийгээд л чадах чинээгээрээ олон улсын наадамд оролцоод яваа киночдыг маань төр ч харж дэмжихгүй үзэгчид нь ч ойшоохгүй л байна. Киночид маань мэргэжилдээ үнэнч бас хайртай болохоороо л бор зүрхээрээ монголын кино урлагийг өдий хүртэл авч явна даа.
Нийтлэлч Б.Чаминчулуун