Өчигдөр 22:00 цагаас эхлэн Гурвалжингийн хос гүүрийн нэг талыг урсгалыг бүрэн хаасан.
Тус гүүрийн зүүн талын хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан учир ийнхүү зам хаан засварлаж байгаа.
Үүнээс үүдэн замын ачаалал, түгжрэл нэлээд нэмэгджээ.
Тээврийн цагдаагийн албанаас уг гүүрийг хаан ямар зохицуулалт хийж байгаа талаар тодруулахад "Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэв гажилтын заадаст эвдрэл гарсан тул засварлахаар өчигдөр 23:00 цагийн орчим тус хэсгийн гүүрийн хөдөлгөөнийг бүрэн хаасан. Ингээд баруун талын гүүрийг хоёр урсгалтайгаар тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.
Үүний улмаас замын ачаалал маш ихэссэн. Одоогоор Саппорогийн уулзвар болон Вig барилгын худалдааны төвийн уулзвар тус бүрт дөрөв, дөрвөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагч ажиллаж, хөдөлгөөнд зохицуулалт хийж байна.
Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, яаралтай ажилтай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна" гэв.