ХӨСҮТ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 26 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 21-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 26 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 17 хүнд хийсэн шинжилгээнд мөн вирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 159 хүн эмчилгээ, хяналт, тандалт судалгаанд үргэлжлэн хянагдаж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой сайн байгаа. Өглөө бүр онлайн хурал хийж мэдээ солилцож байна. Бид өвчтөнүүдээ маш сайн хянаж бүх талаас нь анхаарч байна.

Монгол Улсад CoViD-19-ын халдвар батлагдсан 35 тохиолдлоос, 8 хүн эдгэрч эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д эмчилгээнд 27 хүн байна.

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лабораторийг ажиллуулах шийдвэр гарч, тэнд ХӨСҮТ-ээс нарийн мэргэжлийн хүн ажиллан Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нарт шинжилгээ хийнэ.

Онош батлагдсан жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар ярьсан. Түүнээс уулзаагүй гэдгийг хяналтын камераар шүүж тогтоосон. Тиймээс ажлаа хийж байгаа хүүхдийг нь хардах хэрэггүй.

Дархлын системээ дэмжиж сайн амрах хэрэгтэй. 23:00 цагаас өглөө 06.00 цаг хүртэл унтаж амарснаар хүний дархлаа сайжирдаг” гэв.