COVID-19: АНУ-д 3 хоног тутамд тохиолдлын тоо 2 дахин нэмэгдэх үзүүлэлттэй байна

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 213 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж 2.6 сая хүн өвчилсөн байна. 1.7 сая хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24  цагт ОХУ-д 5262 шинэ тохиолдол бүртгэгдэж, 57 хүн нас барсан байна. Хүүхдүүд балархай хэлбэрээр өвчилж вирусийг удаан хугацаагаар ялгаруулж байгаа нь насанд хүрэгчдэд тараах эх уурхай болж байна гэж дүгнэсэн байна.

БНХАУ-ын эрдэмтэд коронавирусийг үүсгэгч SARS-2-т судалгаа хийж багадаа 30 омог байна гэж үзсэн байна. Хамгийн их нас баралтыг үүсгэдэг омог нь Европ, АНУ-ын Нью-Йорк хотод тархсан байна.

Мөн эрдэмтдийн судалгаагаар энэ вирус 19 удаа хувьсаж өөрчлөлтөд орсон гэж үзсэн. Тиймээс коронавирусийн эсрэг эм, вакцин бүтээхэд нэлээд хүндрэлтэй болж болзошгүй гэдгийг анхааруулсан байна.

Манай улсад ажиглалтад 1222 хүн байна. Шинээр 38 хүн нэмэгдэж, 9 хүн ажиглалтаас гарсан” гэв.

ДЭМБ-ын мэдээгээр сүүлийн 24 цагт хүн амын дунд тархалт өндөр байгаа улс орнуудад өвчлөл, нас баралт багасах хандлага гарч байна. Өвчлөл АНУ-д 3 хувиар, Итали, Германд 1 хувиар, Туркт 50 хувиар нэмэгдсэн. Нас баралтын хувьд Франц Улс 18 хувьтай байна. АНУ-д 3 хоног тутамд тохиолдлын тоо 2 дахин нэмэгдэх үзүүлэлттэй байна. Бусад өндөр хөгжилтэй оронд тохиолдлын тоо 5 хоног тутамд 2 дахин нэмэгдэж байна.

Япон, Сингапурт тохиолдлын тоо өссөн хэвээр байгаа.