Хамгийн чинээлэг, хамгийн амжилттай яваа хүмүүс нэг хувцсаа өдөр бүр өмсдөгийг анзаарсан уу?
Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг саарал өнгийн пудволк, жинсэн өмдийг тогтмол өмсдөг. Алдарт Apple компанийг үндэслэгч Стив Жобс хүзүүтэй хар цамц, XX зууны суут эрдэмтэн Альберт Эйнштейн саарал костюмнаас салдаггүй байв. Яагаад?
Цөөн шийдвэр гаргах
Өнөөгийн мэдээллийн эрин зуунд бидний тархи маш их хэмжээний мэдээлэл хүлээн авч боловсруулахыг шаардаж байдаг. Тодруулбал, секунд тутамд бидний тархинд 11 сая ширхэг мэдээлэл ирж байдаг бөгөөд үүнийг нэг бүрчлэн нягтлах боломжгүй юм. Хүний тархи нэг дор гурван зүйлд давхар төвлөрөх чадамжтай бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд анхаарал сарниж, зөв шийдвэр гаргах чадвар алдагддаг. Иймд ухаантнууд өглөө юу өмсөх, ямар хоол идэх гэм мэт жижиг зүйлүүдэд төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг аж.
Цаг үрэхгүй байх
Бид өмсөх хувцсаа сонгохын тулд хэр их хугацаа зарцуулдгийг мэдэхгүй. Гэхдээ л энэ нь бидний үнэт цагаас хумсалдаг нь тодорхой. Харин дээрх хүмүүсийн тухайд ийм зүйлд цагаа үрэх нь дэндүү утгагүй хэрэг гэнэ.
Бага стресс
“Interstellar” киноны найруулагч Кристофер Нолан нэгэнтээ “Өглөө бүр юу өмсөх вэ гэж бодох нь хамгийн энерги барсан, стресстэй зүйл” хэмээн ярьжээ.
Бэлгэ тэмдэг
Зохиолч Алис Грегори “Өдөр бүр адилхан хувцаслах нь өөрийгөө олонд таниулах хамгийн хэмнэлттэй бөгөөд хялбар арга зам юм. Энэ нь таны тогтвортой, бие даасан байдлыг мөн илэрхийлж байдаг. Ийм л учраас хүүхдийн номны гол дүрийн баатрууд үргэлж нэг хувцастайгаар дүрслэгддэг. Хүүхдүүдийг үлгэр дуурайл аваг гэсэн дээ тэр шүү дээ” гэжээ.
Бага зардал
Та шүүгээндээ байгаа хувцсаа бүгдийг нь тогтмол өмсдөг үү? Барагтай бол өмсдөггүй хувцсандаа хэр их мөнгө үрсэн бэ гэдгээ дахин нэг эргэцүүлээрэй. Харин чинээлэг суутнуудын хувьд үүнийг хэдийнэ ухамсарласан байдаг аж.