Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Засгийн газар, салбарын яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой тушаал гарсан.
Хамгийн сүүлийн мэдээллээр 192 оронд цэцэрлэг, сургууль бүрэн хаасан. Нэлээдгүй улс орнуудад хэсэгчлэн хаагаад байна. Үүний улмаас дэлхийн 1.7 тэрбум хүүхэд, залуус сургалтад хамрагдах боломжгүй болоод байгаа нь нийт суралцагчдын 91.3 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой Засгийн газрын нэг тогтоол, сайдын хоёр захирамж гарсан байна. Есдүгээр сарын 1-н хүртэл хичээл сургууль хойшилсонтой холбоотойгоор эцэг эх, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах вэ гэдэг хүлээлт үүсээд байгаа. Үүнд хариулт өгөх зорилгоор дараах мэдээллийг өгч байна.
Дөрөвдүгээр сарын 15-нд гарсан Засгийн газрын тогтоолоор хичээл, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор
12-р ангийн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авахгүй өнжөөх шийдвэр гаргасан.
Мөн сургууль, цэцэрлэгүүдийн халаалт, гэрэл цахилгаан зэрэг хэмнэж болох хэмнэлтийг хийх тогтоол орон нутгууд руу хүргүүлсэн.
Уг тогтоолыг дагалдан дөрөвдүгээр сарын 17-нд салбарын сайдын тушаал гарсан.
Уг тушаалаар:
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ
Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг зургаадугаар сарын 1-нээр дуусгана,
ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх,
1, 5, 10 жил ажилласан багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2020 оны 4, 5 дугаар саруудад онлайнаар зохион байгуулах. Энэ сургалтад 4,500 багш бүртгүүлсэн. Одоогоор 1,800 багш хамрагдаад байна.
Теле болон цахимаар явуулсан хичээлийг багшийн журналд тэмлэглэсэн байх,
Эцэг эхчүүд уйддаг юм уу яадаг юм теле хичээлийг шүүмжлэх хандлага гаргах боллоо. Энэ бол олон мянган хүүхдийн эрх ашгийг хамгаалж чадварлаг багш нар өндөр түвшинд зохион байгуулж байгаа ажил юм. Теле хичээлд хамрагдаж чадахгүй, шүүмжлээд байвал хүүхэд хохирно. Яам, багш нар ажлаа хийж байгаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг гүйцэтгэхэд тулгардаг асуудтай холбоотойгоор зөвлөмж, зааврыг элсэгчдэд хүргүүлнэ.
Цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувийн хэрэглэлийг дөрөвдүгээр сард багтаан эцэг, эхэд хүлээлгэн өгөх,
Цэцэрлэг, сургуулийн засварыг энэ жил зогсооно. Эцэг, эхчүүдээс засварт зориулт мөнгө хураахгүй.
Сургуулийн номын сангаас авч хэрэглэж байгаа номыг хураах, хүүхэд шинээр бүртгүүлэх үйл ажиллагааг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна.
ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Их, дээд сургууль, коллежтэй холбоотой сайдын тушаалд 2020-2021 оны бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэлт авахдаа босго оноо төрийн өмчийн их, дээд сургуульд 480, хувийн өмчийн дээд сургуульд 410, орон нутгийн өмчийн их, дээд сургуульд 400 оноо байхаар тогтоож байгаа. Энэ бол өнгөрсөн жилийн жишиг.
2019-2020 оны хаврын улирлын сургалт, диплом хамгаалалт, төгсөлтийг 2020 оны зургаадугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.
Төгсөлттэй холбоотой хонхны баярыг олноор цугларч тэмдэглэж болохгүй. Их, дээд сургуулиуд өөрсдийн төгсөгчидтэй холбоотой тэмдэглэлт, баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэдгээ илэрхийлсэн.
Засгийн газрын тогтоолоор буцалтгүй тусламж үзүүлдэг оюутнууд байдаг. Энэ жилийн тухайд Сургалтын төрийн сангаас 8,460 оюутанд 169 тэрбум төгрөгийн тусламж олгоно. Гэхдээ мөнгөн тусламж нь сангаас орж ирээгүй гэдгээр тухайн оюутныг шалгалтад оруулахгүй байж болохгүй. Төрийн сангаас мөнгө нь удахгүй орно. Эдгээр оюутныг шалгалтад заавал хамруулна.
Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долоодугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна.