Өнгө өнгийн будаг алаглуулан өөртөө таарсан гоо сайхныг олж авах гэж толины өмнө цаг зав гарган эргэлдэх нь эмэгтэй хүн бүрийн л хийдэг үйлдэл. Гэтэл Холливуудын одод "хиймэл багаа" хуулж буйгаа ар араасаа зарлан, будаггүй гоо сайхныг илүүд үзэх боллоо. Үүнтэй зэрэгцэн арьс гоо заслын эмнэлгүүд олон улсад гэлтгүй манайд ч шил шилээ даран нээгдсээр. Чухам аль нь сайн бэ... Будгаа болих уу... Арьсаа эмчлүүлэх үү... Арай л үнэтэй юм аа... зэрэг асуултууд бидний толгойд эргэлдсээр. Тэгвэл Европын арьс гоо заслын холбоотой хамтран ажиллаж буй Le Beautique Spa салоны захирал Б.Даваасүрэнгээс бид бүсгүйчүүдийн өмнө тулгамдаад буй дээрх асуудлуудын хүрээнд ярилцлаа.
Бодит амьдрал дээрх гоо үзэсгэлэн, баярын гоо үзэсгэлэн хооронд нь тийм их зай гарч, хүнийг алмайруулна гэдэг миний бодлоор тийм ч таатай эрүүл үзэгдэл биш санагддаг.
-Шинэ жилийн баяраар эмэгтэй хүн бүр хөөрхөн, сайхан харагдахыг хүсдэг. Түргэн бөгөөд хэсэг хугацаанд олддог гоо үзэсгэлэнгийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Шинэ жилээр бид тогос шиг гэнэт гоё болсон нэгнээ хараад “Ямар гоё болоо вэ, таньсангүйш дээ” гэж хэлдэг. Нөгөө хүн нь ч үүнийг байх ёстой юм шигээр баярлан хүлээж авдаг нь нууц биш. Гэтэл бодит амьдрал дээрх гоо үзэсгэлэн, баярын үеэрх гоо үзэсгэлэнгийн хооронд тийм их зай гарч, хүнийг алмайруулна гэдэг миний бодлоор тийм ч таатай эрүүл үзэгдэл биш санагддаг. Мэдээж энгийн үеэсээ илүү гоёж гоодолгүй л яахав. Хүнийг алмайртал нь цочооно гэдэг чинь асуудал байна аа л гэсэн үг. Нөгөө талаар нүүрээ будаагүй үедээ хүнтэй уулзаж чаддаггүй бүсгүйчүүд олон байна. Өөрөөр хэлбэл төрөлх гоо үзэсгэлэндээ сэтгэл ханамжтай бус, будган багаа өмсөж байж санаа нь амарч, өөртөө итгэлтэй болдог нь 3 эмэгтэй тутмын 2-т нь тохиолдож байгаа асуудал гэхэд хилсдэхгүй байх. Нүүрээ будаагүй эмэгтэйтэй яагаад өөр харьцах ёстой гэж? Төрөлх гоо сайхан, нас, гадны нөлөө зэргээс хүний царай гундаж болно. Гэхдээ шинжлэх ухаан хөгжиж, бүх асуудлыг нь шийддэг болчихоод байхад энэ тухай огт бодохгүй, арьсныхаа эрүүл мэндийг анхаарахгүй байна гэдэг тийм ч сайн зүйл биш болов уу.
-Арьсаа эмчлүүлж, төрөл бүрийн тарилга, эмчилгээ хийлгэх нь өндөр үнэтэй байна шүү дээ. Тийм учраас охид, бүсгүйчүүд маань байгаа боломжиндоо тааруулаад л чанартай, чанаргүй гоо сайхны будаг, энгэсэг авч аль болох өөрийгөө тордохыг хичээдэг?
-Сайн үйлчилгээтэй тос цаашлаад төрөл бүрийн крем, энгэсэгт жилд зарцуулдаг төсвөө тооцоод гаргахад нэг курс эмчилгээнд орох мөнгө элбэг гарна. Энэ нь дундаж орлоготой монгол эмэгтэйн хувьд ярьж байгаа юм шүү. Будаг бол өнгөн дээрээ сайхан харагдах ч арьс гандаж, гундсаар байдаг. Харин эмчлүүлсэн тохиолдолд төрөлх гоо сайхныг тань нас, гадны нөлөө зэргээс хамгаалж, хөгшрөлт гээч хоёр гараа өргөөд бууж өгдөг зүйлийн хурдыг сааруулах боломжтой. Гол ялгаа нь энд байгаа. Тийм болохоор арьсаа урт наслуулж, удаан жаргаая гэвэл эмчилгээ илүү үр дүнтэй. Мэдээж хямд юм хямд л байдаг. Арьс бол эмэгтэй хүний хамгийн үнэтэй чимэг учраас арьсны эмчилгээн дээр хямд үнээр өрсөлдөж буй салонуудыг хараад үнэндээ гайхдаг бас айдаг.
-Саяхан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас арьс гоо заслын эмнэлгүүдэд шалгалт хийж нэлээд олон нь бүдэрсэн сураг байсан. Хямд үнээр өрсөлдөж, төрөл бүрийн тарилга санал болгож буй гоо сайхны салонуудыг хараад та гайхдаг гэлээ. Энэ талаараа тодруулаач?
Монгол эмэгтэйчүүдийн арьс хүйтэн, хуурай өвлийг тэсч гарахын тулд байгаа асар их тэвчээр гаргаж, зовж зүдэрдэг гээд хэлчихэд буруудахгүй.
-Яг үнэндээ Монголын гоо сайхны зах зээл хэт өндөр өрсөлдөөнтэй байгаа нь нэг талаар сайн боловч нөгөө талаар хэт олон мэргэжийн бус тоглогчид олон хүний гоо сайхнаар тоглож байна. Энэ нь цаашлаад зорилтот харилцагчдаа тэр чигээрээ нь гадагш нь ялангуяа Солонгос руу алдахад хүргэж байгаа юм. Тиймээс үүнийг хууль журмаар зохицуулна гэхээсээ илүүтэйгээр харилцагчид өөрсдөө зохицуулчихаж болох юм шиг санагддаг. Гэхдээ харилцагчид маань хямд гоо сайхны үйлчилгээ авч, арьсаараа, биеэрээ туршиж, хохирч байж энэ зах зээлийг зөв голдиролд нь оруулаасай гэж мэдээж хүсэхгүй. Гол нь арьс руу орж байгаа зүйлийг илүү ухаалгаар, ул суурьтай авч үзмээр байна. Хямдарчихсан юм чинь яадаг юм гээд хугацаа нь дууссан өндөг ходоод руугаа хийдэггүйтэй адил шүү дээ.
-Тоскани бол арьс гоо заслын эмчилгээгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд юм билээ. Танайх монгол талын хамтрагч нь. Монгол эмэгтэйчүүдийн арьс бол халуун хүйтний туйлыг үздэг ховорхон тэвчээртэй арьс байх. Энэ талаар ямар нэгэн дүгнэсэн, судалсан зүйл байгаа юу?
-Бид Тоскани косметикстэй хамтран хэрэгжүүлж буй олон ажил байгаагийн нэг нь судалгаа, шинжилгээ. Манайхаар эмчлүүлсэн бүх хүний арьсны онцлог, нөхөн төлжилт, эмчилгээний явц, үр дүн зэргийг Европын арьс гоо заслын холбоонд тайлагнадаг. Эмч нар маань байнгын хамтарсан хурал, зөвлөгөөн хийдэг. Монгол эмэгтэйчүүдийн арьс хүйтэн, хуурай өвлийг тэсч гарахын тулд байгаа асар их тэвчээр гаргаж, зовж зүдэрдэг гээд хэлчихэд буруудахгүй. Тиймээс Монгол эмэгтэйчүүдийн хуурай, эмзэг арьсанд тохирсон сонгомол бүтээгдэхүүнүүд эхнээсээ гарч эхэлж байна.
-Ахиад л шинэ жилийн тухай асууя. Богино хугацаанд яаж гоё, гэрэлтсэн, гялтганасан арьстай болох вэ?
-Бидний санал болгох шинэ жилийн богино хугацааны үр дүнтэй бүтээгдэхүүнүүд гэвэл гуужуулалт болон өндөр, чанартай найрлага бүхий Glow complex. Саяхан бид дэлхийн мисст оролцож буй А.Баярцэцэгт явахынх нь өмнө амжуулаад богино хугацааны эмчилгээ хийсэн. Одоо түүний гялтгасан арьсыг нь олон орны миссүүд хараад гайхаж байна гэсэн.
-Бүсгүйчүүдэд хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
-Та нарт ч гэсэн баярлалаа.