Өмнөд хөршид нүүрлээд буй агаар, ус, хөрсний бохирдол Улаанбаатар ч аюулын харанга дэлдээд байна. Энэхүү гамшиг нийслэлийн иргэдэд төдийгүй эхийн хэвлийд бүрэлдэн буй урагт хүртэл нөлөөлж байгаа юм.
Энэ талаар Арабын Аль-Жазира агентлагийн бэлтгэсэн сурвалжлагыг орчуулан хүргэж байна. Гадныхан хүртэл Улаанбаатарын утаанд сэтгэл зовниж байгаа нь бид бохирдлын эсрэг бодит алхам хийх цаг болсныг сануулсан хэрэг биз ээ.
Аль-Жазира агентлаг гэр хороололд амьдардаг бага насны хүүхэдтэй таван бүсгүйтэй уулзжээ
Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Хотын 1.5 сая оршин суугчийн 60 гаруй хувь нь хот төлөвлөлтөнд багтаагүй хотын захын гэр хороолол болон тоосгон байшинд амьдардаг. Тэд төмөр пийшинд хуванцар, резин, хог болон хямд нүүрс түлш болгон хэрэглэнэ. XVII зууны үеийн Английг санагдуулам Улаанбаатарын утааарваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл хамгийн өндөр түвшинд байх аж.
-Отгонтуяа хүүгийн хамт Сонгино Хайрхан дүүрэг дэх гэртээ-
24 настай Отгонтуяа бүсгүй одоогоор эрхэлсэн ажилгүй бөгөөд гэрээрээ хүүхдийн дээл урладаг. Тэрээр зургаан жилийн өмнө бие давхар байхдаа эход харуулаад хүүхдийнх нь өсөлт зогссон болохыг мэджээ. Ураг 12 дахь долоо хоногтоо зулбасан аж. Энэ нь агаарын бохирдлоос болсон гэж эмч нар тайлбарлажээ.
-Дарь-Эхэд амьдардаг 37 настай Тайванжаргал таван хүүхдийн эх, одоо зургаа дахь хүүхэд нь удахгүй төрнө-
Эмч нар удахгүй төрөх хүүхдийг нь хөгжлийн бэрхшээлтэй байж магадгүй гэсэн хэцүү мэдээ дуулгажээ. Энэ нь мөн л утаанаас болсон аж. Гадаа утаа ихтэй байдгийн улмаас эндэхийн оршин суугчид орчноо сайн харж чаддаггүй, хүүхдүүдийнх нь хувцаснаас байнга утаа үнэртдэг бөгөөд үүнээс болж ойр ойрхон өвчилдөг гэжээ.
-Найман сартай хүүгээ хөхүүлж буй Болормаа-
Гэр хороололд аж төрдөг 29 настай Болормаа өнгөрсөн өвөл хүүгээ төрүүлэхийн тулд олон саад бэрхшээлийг давжээ.
-19 настай Уянга амаржаад хоёр сар болж байна-
-29 настай Энхзул гэр бүлийн хамтаар Хан-Уул дүүрэгт байрлах нэгэн байрны подволд амьдардаг-
Тэрээр нөхөр гурван хүүхдийн хамт олон жилийн турш гэр хороололд амьдарчээ. Харин хоёр сарын өмнөөс цонхгүй, давчуу подволд нүүж орсон байна. Байрны эзэд ойр ойрхон архи ууж зодолдог гэнэ. Мөн подвол чийг ихтэй учраас хоёр сартай нярай нь суулгах өвчнөөр өвджээ. Гэвч энэ нь гэр хороололд амьдарснаас дээр гэж бүсгүй ярьсан юм. Залуу гэр бүлийн тавилга ердөө нэг матрас, ханан дахь “Жаргалтай хүүхэд нас” гэсэн бичиг бүхий постер хоёроос бүрдэх аж.
Улаанбаатарын утааны талаарх цочирдмоор баримтууд
Сонгино Хайрхан дүүргийн Баян Бэгэр эрүүл мэндийн төв 2015.09.28-
Улаанбаатарын агаарын бохирдол Монголын эдийн засгийн огцом өсөлттэй үе болох 2000 оноос эхлэлтэй. Зуднаар бүх малаа алдсан малчид болон санхүүгийн эх үүсвэр, боловсрол, эрүүл мэндийн асуудлаар төв бараадсан хүмүүс Улаанбаатарын оршин суугчдын тоог эрс нэмэгдүүлжээ.
2010 оны ДЭМБ-ын судалгаанд Улаанбаатарыг Ираны Ахваз хотын дараа орох бохирдол ихтэй хотоор нэрлэжээ. Харин Дэлхийн банкны 2012 оны судалгаагаар Улаанбаатар хотын гэр хороолол дахь агаарын токсин Монголын агаарын стандартын зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 10 дахин өндөр байгааг тогтоожээ. Нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдол үр зулбах, зүрхний өвчин, элэгний хавдар, астма, уушигны үрэвслийн суурь болдог аж.
-Отгонтуяагийн охид-
Түүнчлэн Канадын Бернаби хотын Саймон Фрэйзер их сургуулийн судлаачид 2011 онд Улаанбаатарын утаанаас үүдэлтэй нас баралтын хэмжээг тооцон гаргажээ. Нийслэл хотын оршин суугчдын 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэжээ. Үр зулбалтын хэмжээ тавдугаар сард 1000 төрөлт тутамд 23 байсан бол арванхоёрдугаар сард 73 болж өсдөг байна.
Агаарын бохирдол жирэмсэн эхэд хэрхэн нөлөөлж буй талаар өргөн хүрээний судалгаа хийгдээгүй ч эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд бодит аюул нүүрлэснийг хэлж байна. Тухайлбал, Анагаах ухааны их сургуулийн орчны эрүүл ахуйн профессор Л.Дэлгэр агаар дахь токсины түвшин өндөр байдаг арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарыг дуустал үр зулбалтын тоо эрс нэмэгддэг гэсэн юм.
-Энхзулын түрээсэлж буй байрны подвол-
Монголын засгийн газар эхчүүдийг олон хүүхэд төрүүлэхийг дэмждэг ч шинээр төрсөн хүүхдүүдийн эрүүл мэндэд төдийлөн анхаардаггүй байна. Мөн өсөн нэмэгдсээр байгаа гэр хороололд аж төрж буй эхчүүд хүүхдээ эрүүл төрүүлэхэд дэд бүтцийн асуудал зохих хэмжээгээр нөлөөлдөг.
Жишээ татахад, гэр хороололын хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох нь элбэг байдаг бөгөөд энэ нь цаашлаад эрхтний хөгжил дутуу, хөгжлийн бэрхшээлтэй, сэтэрхий тагнайтай, төрөхийн гажигтай төрөхөд хүргэж байна.
Хүйтний эрч чангарч, гэр хорооллын замын дэргэд ногоон ууттай нүүрс овоороход иргэдийн ярианы сэдэв 2016 оны бичин жил рүү шилжинэ. Зурхайд өгүүлсэнчлэн бичин жилийн өвөл хахир хатуу байдаг гэнэ. Ийнхүү Улаанбатарын иргэд хахир өвөл, хахаж цацсан утааны тухай санаа зовох ч хийж чадах зүйл цөөн. Тэдэнд эрсдэлтэй нүүр тулгарахаас өөр арга үгүй...