CNN: Монголын сүүлчийн цаатан түмэн

Цаатан түмэн олон жилийн турш Монголын хойд хязгаарын ойн гүнд нүүдэллэн аж төрж байна. Цаатан хүмүүсийн томоохон төлөөлөл, уйгар угсааны тува хүмүүс болох духа нарын тухай CNN агентлаг ийн бичжээ.

“Духа хүмүүсийн соёл уламжлал ирээдүйд хадгалагдан үлдэх эсэх нь цаа бугатай шууд холбоотой. Гэвч орчин үеийн хөгжил цэцэглэлт энэхүү соёлыг устаж үгүй болоход хүргээд байгаа юм. Антропологич Хамид Сардар Аками “Тэдний соёл нь эргэлзээгүй устаж байна” гэжээ.  

Тэрээр олон жилийн турш цаатануудтай хамт амьдарч, соёлын онцлогыг нь судалжээ. Тухайн үед Монголын алслагдмал ой тайгад нийтдээ 200 гаруй өрх аж төрж байсан бол одоо 1000 орчим буга бүхий 40 өрх л үлдсэн байх гэж Хамид Сардар ярьсан байна.

Түүнчлэн тайгын хүнд нөхцөлд амьдрахыг хүсээгүй залуу духачууд төв газар бараадаж байгаа нь цаатнуудын тоо буурахад нөлөөлж байна гэжээ. Үүнээс гадна уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газрын тоо нэмэгдэж, Засгийн газраас цаатнуудын ан агнуурыг хязгаарлах болсон цаатан амьдралын хэв маяг холдон одох бас нэгэн шалтгаан болж байна.

Харин тайгад амьдарч буй цөөхөн хэдэн цаатнууд амьдралаа залгуулахын эрхээр зун нь уулнаас бууж, Хөвсгөл нуурын эрэг дагуух жуулчны баазад ажилладаг аж. Бөө Энхтуяа “Бид өвөл амьд гарахын тулд зун нь хангалттай мөнгө олох хэрэгтэй” гэв.

Жуулчид цаа бугатай зураг татуулах дуртай байдаг бөгөөд нэг удаа хамт зураг авахуулахад ойролцоогоор 5000 төгрөг төлдөж аж. Ирсэн жуулчдын тооноос хамаараад нэг омог өдөрт дунджаар 400 мянган төгрөг /200 гаруй доллар/ олох нь ч бий. Гэвч жуулчид мөнгө өгөөгүй үед цаатнууд цаа бугаа нуух нь түгээмэл байдаг учир Монголын аялал жуулчлалын компаниуд аяллын маршрутдаа цаат аяллыг тусгахаа больжээ”

Э.Цэнгэл

Эх  сурвалж: Eagle.mn